Мэдээ мэдээлэл

Сүм Христийн шашинтнуудын эв нэгдлийн төлөөх залбирлын долоо хоногт оролцлоо

Филиппиний бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Стивэн Р.Бангэртэр бусад Христийн шашны удирдагчидтай хамт 1-р сарын 19-ний 18 цагт Манилагийн Интрамурос дахь Манила Катидралд болсон 2022 оны Христийн шашинтнуудын эв нэгдлийн төлөөх залбирлын долоо хоногт оролцлоо. Энэхүү цуглаан нь “Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ (Матай 2:2)” гэсэн сэдвийн доор явагджээ. 

Филиппиний Католик бишопуудын бага хурлын Дэлхийн асуудал хариуцсан Эпископын комисс болон Филиппин дэх сүмүүдийн үндэсний зөвлөл жил бүр Христэд итгэгчдийн төлөөх залбирлын долоо хоногийг зохион байгуулдаг. Филиппинд Христийн шашин дэлгэрсний 500 жилийн ойн баяр үүнтэй давхацсан нь энэхүү үйл явдлыг илүү утга учиртай болгосон юм. Филиппинчүүд Христийн номлогчдын авчирсан Христийн шашны баяр хөөрийг улс даяар тэмдэглэдэг. 

Манила Метрополитаны хамба лам Хосэ Кардинал Адвинкула сүмийн ёслолын баярыг зохион байгууллаа. Биечлэн оролцсон цугларалтыг эрүүл мэндийн зохих дүрмийн дагуу Мариа ТВ болон бусад кабелын сувгуудаар шууд дамжуулжээ. 

Ромын Католик сүм, Филиппин дэх Сүмүүдийн үндэсний зөвлөл, Филиппин дэх Эпископын сүм, Филиппин дэх Христийн нэгдсэн сүм, Иглэсиа Филипина Индэпэндиэнтэ, Нэгдсэн мэтодист сүм, Харизматик Эпископын сүм болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зэрэг Христийн шашны удирдагчид хайр, эв нэгдлээ илэрхийлэн нэгдэв. 

2022 оны залбирлын долоо хоногийн сэдэв 

Энэ жилийн сэдэв мэргэн хүмүүсийн аялал болон Бетлехем дэх бяцхан хүү Есүсийг хайж олох тэдний хүсэлд төвлөрсөн. Тэд Есүст алт, гүгэл, мирр бэлэг болгон барихын тулд зүүн зүгт оддыг даган явжээ. 

Манила Катидралын сүмийн тэргүүн, гэгээн эцэг Рэжиналд Р.Маликдэм цуглааныг нээж хэлсэн үгэндээ: 

“Өөр өөр соёл, үндэс угсаа, хэлтэй ч гэсэн Христэд итгэгчид Христийг эрэлхийлж, Түүнийг шүтэн бишрэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байдаг. Иймээс Христэд итгэгчдийн үүрэг бол одны адил тэмдэг байж, Бурханыг эрж хайх хүсэлд нь хүн төрөлхтнийг чиглүүлж, бүгдийг Христ рүү хөтлөн мөн Бурхан бүх хүнд эв нэгдлийг авчирдагтай адил байх явдал билээ” хэмээжээ."

Аврагч эгэл даруухан нөхцөл байдалд төрсөн гэдгийг Библийн судраас унших нь дэлхийн хэмжээний цугларалтын хөтөлбөрийн гол хэсэг байсан юм. Сүмийн удирдагчид Аврагчийн төрөхийг бошиглосон Исаиагийн сүр жавхлант бошиглолоос (Исаиа 9:2-7) эхлэн Бетлехем дэх Мариа, Иосеф, бяцхан Есүс нарын тухай (Матай 2:1-12) өгүүлсэн Матай, Лук хоёрын сэтгэл татам түүхүүд хүртэлх судрын хэсгүүдийг нэг нэгээрээ уншив.  

Ахлагч Бангэртэр “Уг үйл явдалд оролцоход урьсан нь Филиппин дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид болон Христийн шашны бусад бүх алдартай удирдагчдын хоорондын хайр, эв нэгдэл, ойлголцол, хамтын ажиллагаа улам бүр өсөн нэмэгдэж буйг харуулж байна. Дэлхий даяар тархсан цар тахал, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс үүдсэн бэрхшээл, боловсролыг дээшлүүлэх хүчин чармайлт болон дутагдаж гачигдан, дарамтад орсон хүмүүсийн хэрэгцээг бүхий л арга замаар хангахад тулгарсан сорилтуудыг даван туулахын тулд бид хамтдаа нэгдэж, нөхөрлөлөө гүнзгийрүүлсэн” гэж хэлэхийн сацуу энэхүү тэмдэглэлт үйл явдалд баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ.  

Цар тахал болон бусад байгалийн гамшиг дунд, тус улсын өнцөг булан бүрээс филиппинчүүд тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар гар нийлэн зүтгэж байна. Нэгдмэл байж, бие биедээ туслах энэхүү хамтын хүчин чармайлт нь өөр өөр шашны итгэл үнэмшлийг нэг доор цуглуулсан юм. 

Филиппинчүүд цар тахал, саяхан болсон Одэтт хар салхи зэрэг урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын улмаас үүссэн бэрхшээлүүдтэй олон янзын арга замаар тэмцэж байгаа бөгөөд эдгээр нь итгэл, найдвар, залбирлын хүчийг нотлон харуулж байна. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд залбирал нь Есүс Христэд Тэнгэрлэг Эцэгээ шүтэн бишрэхийн гол хэсэг нь юм. 

Ахлагч Бангэртэр уг үйлчлэлд оролцож байхдаа: 

“Залбирал нь Христийн шашинтнуудын эв нэгдлийн төлөөх залбирлын долоо хоногийн гол хэсэг байсан бөгөөд энэ нь дэлхий дэх энэ сайхан амьдралын төлөө Бурханд талархан даруухнаар залбирдаг бүх итгэгчийг нэгтгэх нөлөө үзүүлсэн. Тэнгэрлэг Эцэг маань биднийг анхаардаг гэдгийг цугларсан бүх хүнд [Бурханы] Сүнс гэрчилсэн юм. Аврагч Есүс Христийн сургаалын дагуу амьдрахаар хичээх үед Тэр биднийг хамгаалж, бидэнд санаа тавих болно гэсэн баталгааг мөн Түүний хайрын баталгааг мэдэрсэн” гэж хэллээ."

Энэ цуглааны үеэр Христэд итгэгчдийн залбирах хэрэгцээний тухай сэдэв хамгийн олон удаа давтагдсан.  

“Христийн шашинтан хүмүүс хоорондоо эв нэгдэлтэй байх хэрэгцээ одоо урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдэж байна. Бид хамтдаа цугларахыг хичээснээр, Сүүлчийн зоогийнхоо үеэр Өөрийн төлөөлөгчдөд хэлсэн Аврагчийн залбиралд илүү төгс хариулдаг. Тэрээр шавь нарынхаа төлөө Бурханаас “Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд” (Иохан 17:22)” гуйсан. Аврагчийн эв нэгдлийн төлөөх залбирал нь Түүний залбирлын үндсэн шинж болсон тул бидний амьдралын гол цөм байх ёстой.  

Филиппин даяарх Христийн шашны бүх томоохон сүмийн удирдагчид залбирч, шүтэн бишрэхийн тулд цугларсан энэ орой тэрхүү хүчин чармайлт тэдний элэгсэг, халуун дотно байдлаас илэрхий харагдаж байв. Би энэхүү ариун туршлагад үүрд талархах болно” хэмээн ахлагч Бангэртэр дүгнэн хэлэв. 

Христийн шашин дэлгэрсний 500 жилийн ойд зориулж “We give our Yes!” /”Бид тийм гэж хэлнэ”/ хэмээх найрал дуугаар уг арга хэмжээ өндөрлөлөө. 

Залбирал 

Хожмын үеийн гэгээнтнүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн биширдэг. Тэдний итгэл үнэмшлийн төвд хувь хүний болон гэр бүлийн өдөр тутмын залбирал байдаг. Энэ бол талархлаа илэрхийлж, өдөр тутмын амьдралдаа дэмжлэг, чиглүүлэг хүсэх арга зам юм.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.