Мэдээ мэдээлэл

Тонгагийн эрэлхэг номлогчид галт уулын дэлбэрэлтээс үүссэн цунамигийн аюулаас хүмүүсийг аврав. 

Залуу сайн дурынхан гамшгийн үед шаламгай үйлдэл, итгэл, хайраар бусдад туслахад сүнслэгээр нөлөөлөгдөв.

2022 оны 2-р сарын 18 – Тонга Нуку’алофа   Албан мэдээ 

Далайн гүнд галт уул дэлбэрсний улмаас ойролцоох арлууд үнс нурам, хайрга чулуунд дарагдаж, гамшигт цунами үүссэн 2022 оны 1-р сарын 15-ны өдрийн үйл явдал тонга үндэстэнд бүхэлд нь нөлөөлжээ.  

Орон гэрүүд эвдэрч, сүйджээ. Гэр бүл, олон нийт ихэнхдээ хөршүүд, хамаатан садан, цуглааны гишүүддээ гар сунган тусалж, хог хаягдлыг цэвэрлэн; сэргээн босгох ажил үргэлжилсээр байна.  

Байгалийн гамшгийн улмаас дөрвөн хүн нас барж, 18 хүн гэмтээд байна. Харилцаа холбоо тасалдаж, доголдсон хэвээр байгаа бөгөөд хүмүүсийн амьдралыг тэтгэж, орон нутгийг сэргээн босгоход тусламж шаардлагатай хэвээр байна.   

1-р сарын 15-нд болсон гамшгийн үеэр эрэлхэг, баатарлаг үйл явдлууд тохиолдсоны хоёр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой холбоотой юм. 

Тонгатапу арлаас 65 километрийн зайд дэлбэрэлт болсны улмаас арал цунамид өртөж, үнсэнд дарагдан, баруун эрэг дагуух газрууд ихээхэн эвдэрч сүйджээ. Галт уулын хойд хэсэгт орших бусад арал ч цунамигийн замд таарснаар аймшигт цохилтод өртсөн байна. 

Тонгад Сүмийн хоёр номлол байдгийн нэг нь үндсэн аралд, нөгөө нь гаднах арлуудад үйлчилдэг. Ситивэни Фэхоко бол 135 орчим номлогчтой гаднах арлуудын номлолын ерөнхийлөгч юм. 

Ерөнхийлөгч Фэхоко галт уулын талаар сонсоод, аюултай цунами болно гэдгийг гадарлажээ. Тэрээр гар утсаа авч, галт ууланд хамгийн ойр байгаа арлуудын номлогчдын хариуцсан бүх бүлгийнхэнд сэрэмжлүүлэг өгч, аль болох хурдан хамгийн өндөр газарт гарахыг хэлэхээр утасдаж эхлэв. 

Ахлагч Малакай Ика, ахлагч Ричард Ту’лонэтоа хоёрыг галт уулаас 90 орчим км-ийн зайд орших Коту арал дээрх номлогчийн байрандаа байх үеэр ерөнхийлөгч Фэхоко тэдэн руу залгаж, нэн даруй байрнаасаа гарч, өндөрлөг газар өөд гүй гэв. 

Номлогчид хэлснийг нь ёсчлон биелүүлэхээс гадна бусад хүнийг ч гүвээ рүү гараарай хэмээн хашхирч байлаа. Хүмүүс сониуч зандаа хөтлөгдөн, далайд болж буй зүйлийг харах хүсэлтэй байсан тул сэрэмжлүүлгийг нь анхаарсангүй. Ахлагч Ика гүвээ рүү гарах гэж тэвдэж буй хоёр жаахан хүүхэдтэй аавыг олж харав. Тэр хүүхдүүдийг авч, гүвээн дээр гаргажээ. Ахлагч Ту’л’онэтоа алхуулагчтайгаа гүвээ өөд гарах гэж тэмцэн уйлж буй нэгэн өндөр настай эмэгтэйн тусламж хүсэх дууг сонсмогцоо буцаж очин, түүнийг өргөн, гүвээ рүү буцаад явав. 

Гүвээний оройд дөхөж ирээд эргэн хартал маш том давлагаа тэднийг чиглэн ирж байсан ба давалгаанд өртөх нь дээ гэж боджээ. Гэтэл давлагаа гэнэтхэн эргэж, тэдэнд огтхон ч хүрээгүй аж. 

Тэрээр гүвээний оройд ирэх үедээ, эмэгтэйг нялх хүүхэд мэт хөнгөн байсныг анзаарсан байна. Хоёр номлогч үлдээд, бусад эрэгтэйд арлын оршин суугчдыг гүвээн дээр гаргахад нь туслав. Тонгагийн Тэнгисийн цэргийнхэн Котуг дайрсан цунами 15 метр гаруй өндөртэй байсан хэмээн дүгнэсэн юм. Ахлагч Мосес Фолиаки, ахлагч Сэфита Полата хоёр Номука арлаас урагш 20 км-ийн зайд далайн эрэг дээр байсан бөгөөд далай усаа гэдрэг татаж буй хачирхалтай үзэгдлийг ажиглан харж байлаа. 

Nomuka-Island-in-the-Ha'apai-group-in-Tonga-was-heavily-damaged-by-the-tsunami-and-ash-caused-by-the-volcanic-eruption-on-15-January-2022.
Nomuka-Island-in-the-Ha'apai-group-in-Tonga-was-heavily-damaged-by-the-tsunami-and-ash-caused-by-the-volcanic-eruption-on-15-January-2022.
Тонга улсын Ха’апай бүлэгт багтдаг Номука арал ихээхэн сүйдсэн ба энэ нь 2022 оны 1-р сарын 15-нд болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн цунами, үнснээс улбаатай юм. Малау хэвлэл мэдээллийн алба. Зөвшөөрөл авч ашиглав. Malau Media. Used by permission.
Download Photo

Тэд далайг ажиглан зогсож байтал ерөнхийлөгч Фэхоко утасдаж, эргээс холдон хот руу ор гэж хэлжээ. Тэд нэн даруй судраа шүүрэн авч, өндөр газар луу явсан ба гүйж байхдаа баруун талд нь цунамигийн давлагаа ойролцоох Номукэйки арлын оройг давж, тэднийг чиглэн ирж байгааг харав. Тэд гүйх замдаа бага насны хоёр хүүхэдтэй ээжтэй тааран, хүүхдүүдийг нь авч, гүвээн дээр гаргасан байна. 

Тэднийг орой дээрээс эргэж харахад, давлагаа арлыг чиглэн, Сүмийн Номуэка цуглааны байранд тулж ирмэгцээ байранд ямар ч гэмтэл учруулалгүй хуваагдаж байгаа мэт санагджээ. Тэдний байгаа газраас галт уулын үнс доош унаж эхлэхэд хүмүүс хоргодох газар хайн гүйлдэж байгааг тэр харав. Залуу номлогчид хүн бүр цангана гэдгийг мэдээд, өмнө нь номлолын ерөнхийлөгчийн Сүмийн байранд нөөцлөхөөр илгээсэн нэлээд олон савтай усыг санацгаажээ. Ингээд тэд байр луу явж, уснуудыг аваад, тэнд байсан хүмүүст тарааж эхлэв. 

Тэнд байсан хүмүүсийн нэг нь номлогчдод Сүмийн нэг гишүүн гүнзгий нуурт гацчихсан байгааг дуулгахад тэд тийш яарав. Нуур үхсэн амьтад, хог хаягдлаар дүүрэн, аюултай байсан тул хэн ч орж зүрхлээгүй байлаа. Нэгэн эрэгтэйг уснаас толгойгоо гаргахаар зүтгэх үед номлогчид үсрэн орж, түүнийг аюулгүй газарт гаргав. Тэд бас хоёр хүнийг хаягдал дунд гацсан байхыг хараад, тэднийг ч мөн татан гаргажээ. Нэг нь гэмтэж, нөгөө нь живж нас барсан байлаа. 

Тэд тэнд зогсож байхдаа, тухайн өдрийнхөө үзэж сонссон уй гашуу, зүрх шимшрэм зүйлсийн талаар бодож байлаа. Эргэн тойрны хүмүүст юу тохиолдсон, хэчнээн аймшигтай байсан талаар гомдоллох нь тэдэнд хааяагүй сонсогдож байв. Номлогчид өвдөг сөгдөн, өөрсдийг нь аюулгүй байлгасан Бурхандаа талархан залбирчээ. Ингэснээр талархал, хайрын давлагаа тэднийг бүрхэн авч, залбирал нь хариулагдсаныг мэдсэн гэж тэд дараа нь тайлбарласан юм.   

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.