Мэдээ мэдээлэл

Итгэл бишрэл, гэр бүл нь ‘Америкийн шүтээн’ шоуны ялагч Иам Тонгид нөлөөлжээ

Хавайн хожмын үеийн гэгээнтэн, нэр алдар нь түгээд буй 18 настай хүү аавыгаа алдсан ч мөнхийн гэр бүлд итгэх найдвараасаа зууран барьсаар байна

Singer282.jpeg

Энэ түүхийг TheChurchNews.com-ын зөвшөөрлөөр нийтлэв. Нийтлэлийг бусад мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно.

Church News Кэйтлин Банкрофтын нийтлэл


Иам Тонги Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээ бусдад хэлэхээс эмээдэг байжээ. Гэхдээ тэр одоо өөрчлөгдсөн.

“Харин одоо би үүнийгээ залруулахыг хичээж байгаа. ... Боломж олдвол хүмүүст сайн мэдээний тухай ярьдаг” гэж тэр хэлэв.

Хавайн 18 настай хүүг сонсдог хүмүүс урьд өмнөхөөс илүү олон болжээ. Саяхан “Америкийн шүтээн” шоуны 21 дэх улирлын шоунд түрүүлснийх нь дараа Тонгигийн итгэл бишрэлийнхээ талаар нийтэлсэн Фэйсбүүк, Инстаграм, Твиттэр хаягуудыг сая гаруй хүн дагах болжээ.

Тухайлбал: Тэрээр энэ оны эхэнд Инстаграмын нийтлэлдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулганд хэлсэн Амар тайвныг тогтоогчид хэрэгтэйгэсэн үгээс эш татан “Сайн сайхан зүйлс удахгүй ирнэ” гэж бичсэн байна.

 

Үүнээс хойш нэг их удалгүй тэрээр “Америкийн шүтээн” шоуны хэд хэдэн оролцогчтой  хожмын үеийн гэгээнтнүүдийн дуулал болох Та байнга хэрэгтэй дууллыг зочид буудлын өрөөнд дуулсан бичлэгээ хуваалцсан.

 

Виллиам Тонгигийн хуваалцсан нийтлэл (@wtongi)

Түүний  өнгөрсөн жил нийтэлсэн видеондоо дуучин Эта Лаутитай хамтран Калифорниагийн Өүкланд ариун сүмийн гадна дуулсан “Amazing Grace” дуу гэх зэрэг “Америкийн шүтээн” шоунд орохын өмнөх Youtube бичлэгүүд нь олны анхаарлыг татсан байна.


Иамын гэр бүл хэдэн жилийн өмнө Сиатл руу нүүхэд түүний шинэ сургуулийнхан Сүмийн талаар хэрхэн “муугаар ярьдаг” байсныг тэрээр Church News-д өгсөн ярилцлагадаа дурссан юм.

Тэр үүнийг тоолгүй өнгөрөөдөг байжээ. Харин одоо тэр хожмын үеийн гэгээнтэн бусад өсвөр үеийнхнийг өөрсдийгөө хэн гэдгээр бахархах хэрэгтэй гэдгийг мэдээсэй гэж хүсдэг.

“Нуугдах шаардлагагүй шүү, яагаад гэвэл би ч бас нуугдахыг оролддог байсан” гэж Иам хэлэв.

Сэтгэл хөдлөлөөр дүүрэн шалгаруулалт


Иамын шалгаруулалтын үеэр шүүгч Кэти Пэрригийн хэлсэнчлэн “гайхалтай” дуу хоолойтой өсвөр насны хүү дахин нуугдахаа больсон юм.

Deseret News-ийн нийтэлснээр түүний шалгаруулалт тухайн улиралд хамгийн их үзэгчтэй байсан ба нийтлэгдсэнээсээ хойш гуравхан сарын дотор 17 сая гаруй үзэгчийг татсан байна. Иам шалгаруулалтаас хэдхэн сарын өмнө буюу 2021 оны 12 сард өөд болсон аав Родни Тонгидоо зориулж шалгаруулалтад Жэймс Блантын “Monsters” дууг дуулсан.

Иамын дуу шүүгчдийн болон тоо томшгүй олон үзэгчийн нулимсыг дуслуулсан билээ.

“Аавыгаа гэсэн чиний зүрх сэтгэлийн шархыг би тэсвэрлэж чадахгүй нь. Чи бүгдийг нь төгс гүйцэтгэлээ, би чамд хайртай” гэж шүүгч Лук Брайн хэлсэн юм.


Родни Тонги хүүгийнхээ дуу хөгжимд маш том нөлөө үзүүлсэн хэдий ч түүний Иамд үзүүлсэн сүнслэг нөлөөг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байж болох юм.

Түүний гэр бүл Сиатл руу нүүхээс өмнө аав нь Хавайд ёслолын ажилтнаар үйлчлэн бямба гараг бүр ариун сүмд ордог байсан тухай Иам хуваалцсан.

Түрээсээ төлөхийн тулд олон цаг ажилладаг байсан ч “аав маань ариун сүмд үйлчлэх дуртай хүн байсан” гэж Иам ярьжээ.

Родни гэр бүлээрээ өглөө бүр судраас судлахыг эн тэргүүнд тавьдаг байсан ба Иамын зарим үе тэнгийнхэн Сүмийн жишигтэй нийцэхгүй сонголтуудыг хийж эхэлж байхад өдөр тутмын судрын уншлага нь түүнийг асуудлаас хол байхад тусалсан хэмээн Иам дурсав.

Родни хувийн гэрчлэлтэй байхын ач холбогдлыг хүүхдүүддээ суулгаж өгсөн ба өөд болсноос нь хойш өөрийн гэсэн гэрчлэлтэй болох хэрэгтэй гэдгээ Иам урьд өмнөхөөсөө илүү мэдэрчээ.

Аав нь өөд болсон явдал Иамын бүх эргэлзээг арилгасан байна. Тэрээр: “Би үнэндээ [Сүм] үнэн гэдгийг мэдэж байсан. ... Надад [хувийн гэрчлэлтэй болоход] багагүй хугацаа шаардагдсан ч би эцэст нь гэрчлэлтэй болж чадсан” гэжээ.

Иам аавыгаа өөд болсны дараа мөнхийн гэр бүлийн талаарх хүчтэй гэрчлэлтэй болсон хэмээн авга эгч Кристэн Түифүа хэлэв.

“Аавтайгаа дуулдаг байсан дуунуудаа дуулахад аав нь түүнтэй хамт хоолой салган дуулж байгаа мэт сонстдог гэж Иам ярьж байсан. ... [Энэ нь] үхлийн дараа амьдрал байдаг ба гэр бүлүүд мөнхөд хамт байна гэсэн түүний гэрчлэлийнх нь илрэл гэж би бодсон” хэмээн тэр хэлэв.  

Тонгигийн гэр бүл хамтдаа инээлдэх дуртай. Тонгигийн гэр бүлийн зургийг Church News-ийн зөвшөөрлөөр нийтлэв. Бүх эрх хамгаалагдсан. Зураг татаж авах© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

    

Иам шоуны туршид “Америкийн шүтээний” оролцогчидтой мөн Сүмийн гишүүн гэдэгт нь таагүй хандсан зарим хүнтэй хүртэл гэрчлэлээ хуваалцсан. Тиймэрхүү нөхцөл байдалд өөрийн итгэл бишрэлийн талаар тайлбарлахдаа тэвчээртэй, тайван байхыг хичээдэг байсан гэж Иам дурсав.

Гэхдээ бусад оролцогчтой Есүс Христийг хайрлах хайраараа нийтлэг байснаа тэрээр олж мэдсэн байна.

“Бид боломж гарвал хамтдаа суугаад өөрсдийн шашин шүтлэгийн тухай ярьдаг байсан” гэж тэр дурслаа.

Иам шоуны туршид эсэргүүцлийг даван туулсанд гэр бүлийнхэн нь түүгээр бахархаж байгаа. Сүмийн талаар таагүй хандаж байсан хүмүүсийг Иам “хайраар” нэгтгэсэн гэж түүний өөр нэг авга эгч Вэрона Түифүа хэлэв.

“Иам бидэнд ... ‘хүн бүр өөрийн гэсэн бодолтой [ба] санаа бодлоо илэрхийлэх эрхтэй. ... Бид бүгдэд нь хайртай,’  гэж хэлсэн” хэмээн Түифүа дурсав.

Гэр бүлийн дэмжлэг


“Америкийн шүтээн” шоуны туршид сайн мэдээнээс гадна гэр бүлийн дэмжлэг Иамын хувьд чухал байсан. Ялангуяа ээж Лиллиэ Тонги нь Иамыг нэрд гарах үед түүнийг даруусгаж байсан гэж Иам хэллээ.

Лиллиэ шоуны туршид Иамд чухал нөлөө үзүүлсэн гэдэгтэй Кристэн Түифүа санал нэг байв.

“Тэрээр [нөхцөл байдал] нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж болно гэдгийг түүнд сануулж байсан” ба үүний хажуугаар “түүнийг даруу байж, [өөрийн] бэлгийг үргэлжлүүлэн хуваалцахад” түүнийг зоригжуулсан. Ээж нь түүний дэргэд байх боломжтой байсанд би баярладаг.

Родни Тонги маань хүүгээрээ ямар их бахархах байсан болдоо?

Тэр магадгүй нулимс дуслуулж [Иамд], ‘Сайн байлаа’ гэж хэлэх байсан байх” гэж Түифүа өгүүлэв.

Харин одоо “Америкийн шүтээн” өндөрлөж, ирэх сард ахлах сургуулиа төгсөх зэрэг сэтгэл догдлуулсан зүйлс Иамыг хүлээж байна. Тэрээр “Америкийн шүтээний” үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэх хэрэгтэй ч үүний дараа номлолд үйлчлэхийг тэсэн ядан хүлээж байгаа.

Дараа нь тэр дуу хөгжим зохиохоор эргэн ирэх болно. Тэр тоглолт хийж, цомог гаргахыг хүсдэг ба нэн ялангуяа Полинезийн дуу хөгжмийг дэлхийд түгээх сонирхолтой гэдгээ онцолсон юм.

“Би эерэг захиас, эерэг уур амьсгалыг бусдад хүргэхийг хүсэж байна. Хүмүүс [миний дууг] сонсоод хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлсэн мөчөө нандигнаасай гэж би хүсэж байна” хэмээн тэр хэллээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.