Хүүхдийг хүчирхийлэх явдал
Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэл нь үгээр илэрхийлэхийн аргагүй асар их сэтгэлийн хямрал, түгшүүрийг төрүүлдэг. Бид төрснийх нь дараа хүүхдээ анх тэврэхэд — хайрын хэмжээлшгүй их мэдрэмж мөн хүүхдээ өсгөх, тэдэнд зааж сургах, тэднийгээ хамгаалах гэсэн эцэг эхчүүдэд л байдаг төрөлхийн ямар их гүн гүнзгий мэдрэмж төрдгийг сайн мэддэг учраас энэ гэмт хэрэг бидний хүн нэг бүрийн өрөвч сэтгэлийг хөдөлгөдөг байх. Хэн нэгэн хүн хүүхдийг гэмтээх зүйл хийнэ гэдэг бараг л ойлгогдошгүй, жигшмээр зүйл юм. Энэ нь хамгийн том урвалтын хэлбэр юм.
Нийгэм маань хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг нэгдэн, үүнийг бууруулахын төлөө ажиллаж байна. Хулгайлагдаж айсан, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг олохоор бүхий л ард иргэд хамтран ажиллаж байгааг бид цаг үргэлж хардаг. Нэг хүүхэд аюулд өртөхөд бүхэл үндэстэнд мэдээлэгддэг.
Гэвч хүүхдийг хүчирхийлэх явдал нь үргэлж үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэдэв болоод байдаггүй. Энэ хилэнцэт үйлдэл нь сүүдэрт нуугдан, ихэнхдээ харагддаггүй, бараг л дурдагддаггүй билээ. Анх энэ нь АНУ-д асар том асуудал болохоос өмнө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч байсан Гордон Б. Хинкли олон нийтэд хандан, хүүхдийг хүчирхийлэх нь аймшигтай нүгэл хэмээн зэмлэн буруушаасан юм. Тэрээр 1980-аад оны эхээр бидний бодол санаа, мэдрэмжийг илтгэж, дэлхий даяарх чуулганы нэвтрүүлгийн үеэр: “Энэ нуугдмал боловч ноцтой хилэнцэт нүглийн талаарх олон нийтийн мэдлэг нэмэгдэж байгаад би баяртай байна. Хэрцгий хүсэл тачаалаа хангахын төлөө … хүүхдийг дарангуйлах нь хамгийн аймшигт нүглүүдийн нэг билээ” хэмээн хэлсэн билээ.
Сүм өөр ямар байр суурьтай байж болох байсан бэ? Энэхүү асуудал нь сүмийн сургаалын гол зүрхэнд хүрээд байсан юм. Бяцхан хүүхдүүд нь Бурханы мэлмийд үнэ цэнэтэй, гэм зэмгүй байдаг. Есүс Христ хамгийн өр зөөлөн мөчүүдийнхээ заримыг нь хүүхдүүдтэй хамт өнгөрүүлсэн байдаг бөгөөд хүүхдийг хүчирхийлэгчдэд Өөрийн хамгийн хатуу зэмлэлийн үгсийг хэлсэн юм. “Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр” (Maтай 18:6). Түүнчлэн гэр бүл бол сүмийн гол цөм билээ. Хүүхдүүд эцэг эхийн хамт сүмийн цуглаанд оролцдог. Долоо хоног бүрийн гэр бүлийн үдэш зэрэг сүмийн дадал заншил нь бат бөх гэр бүлийн харилцааг бий болгохын тулд бусад ашиг сонирхлоо хойш тавихыг сануулдаг. Хүүхдүүд нь хайр, өмөг түшиг бүхий уур амьсгал дотор өсч хөгжих боломжтой орчинг бүрдүүлэх замаар эцэг эхчүүд хүүхдүүдээ энхрийлэн хайрлаж, хамгаалах хүч тэнхээг бие биеэсээ олж авдаг. Сүм гэр бүлүүдэд хүүхдүүдээ сүнслэг эрхэмлэх чанартай болгон өсгөхөд нь туслахын тулд цугларах газраар хангадаг. Сүм болон гэр бүлийн аль аль нь хүүхдийн сайн сайхныг хамгийн эрхэм дээд зорилгоо болгодог.
Энэ баримт бичигт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг хандах хандлагыг харуулдаг. Хүүхдийг хүчирхийлэхийг зогсоохын тулд сүм юу хийж байна вэ? Сүм хохирогчдын төлөө юу хийж байгаа вэ? Сүмд хэрэг шүүсэн тохиолдлууд болон шийдвэрүүд байгаа юу, байгаа бол яагаад байдаг вэ? Хүүхдийг хүчирхийлэгчдэд сүм хэрхэн ханддаг вэ? Энэ сүмийн туршлагууд нь бусад шашны болон шашны бус байгууллагынхаас юугаараа ялгаатай мөн юугаараа адил вэ? Дараах хуудсуудад эдгээр асуултыг авч үзсэн болно.
Хүүхдийг хамгаалах нь
Хүчирхийллийн нүгэл хилэнцийн эсрэг олон нийтийн тэмцэлд сүмийн гүйцэтгэж буй үүрэг нь бид хийж чадах зүйлээ мэдэж аван, асуудлуудыг байгаагаар нь авч үзэж, адил хүсэл эрмэлзэлтэй хүмүүстэй туршлагаасаа хуваалцах явдал юм.
Санваарын удирдагч гэж хэн бэ?
Сүмд сонгогдсон санваарын удирдагч гэж байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглаануудын удирдагчдыг бишопууд гэж нэрлэдэг. Бишопууд нь орон нутгийн гишүүд дотроос таван жил орчмын хугацаатай сайн дураараа үйлчлэхээр сонгогддог. Ихэнх нь тухайн орон нутагтаа удаан хугацаанд амьдарсан байдаг болохоор цуглааныхаа гишүүдийг найз нөхөд, хөршөө гэж үздэг байна. Мөн ихэнх бишопууд нь сүмд явж, үйл ажиллагаануудад оролцдог өсвөр насны хүүхдүүдтэй байдаг. Тиймээс бишоп сүмийн олон нийтийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө хэдийнээ анхаарал тавьж эхэлсэн байдаг. Хүүхдийг хүчирхийлэгч нь тэдний цуглааны аюулгүй байдалд заналхийлэх үед бишоп нь ямар нэгэн шалтаг тоочилгүй, санхүүгийн эсвэл өөр хэлбэрийн шагнал урамшуулалгүйгээр сүмийнхээ гэр бүлийг өөрийн гэр бүл шиг хамгаалдаг.
Бишоп нь цалин юм уу ямар нэг санхүүгийн шагнал урамшуулал авдаггүй. Мөн бусад санваарын удирдагчид ч гэсэн цалин авдаггүй. Сүм дотор тэднийг харьяалуулах тусгай албан тушаал гэж байдаггүй. Хожмын үеийн гэгээнтэн бишоп нь бусдын адил хийдэг ажлаа хийж, нийгэмтэйгээ ойр амьдардаг. Тэд ихэвчлэн долоо хоногийн амралтын өдрүүдэд болон оройн цагаар бишопын үүрэгт ажлаа гүйцэтгэдэг учраас цуглааны гишүүдийнхээ туслалцаатай энэ бүхнийг хийж чаддаг.
Бишоп нь сургуулийн багш, эмч эсвэл бизнесмен ч байж болно. Түүнд туслахын тулд номын санч зургаан настай хүүхдүүдэд ням гаргийн хичээл заахаар дуудагдаж болох юм. Нэг эм зүйч эмэгтэй гурваас арван нэгэн насны хүүхдүүдийн хэсгийг хариуцан ажиллаж ч болно. Эдгээр дуудлага нь түр хугацааных байдаг бөгөөд байнга өөрчлөгддөг ч бишопын урилгаар үйлчилдэг хүмүүс нь өөрсдийн шашны зарчмуудын гол цөм болох гэр бүл болон хүүхдүүдийг хүндэтгэх ёстой байдаг.
Нэрэнд учир бий юу?
Сүмийн тохинуулалд бас нэгэн чухал хэмжүүр байдгийг ойлгох нь хүүхэд хүчирхийлэх асуудлын тухай мэдэхийг хүссэн хуульч, сэтгүүлч болон бусад хүмүүст маш чухал юм.
Бишопынхоо ажилд туслах зорилгоор хожмын үеийн гэгээнтэн цугларагсдын бараг л бүх идэвхтэй гишүүд зарим үүрэг хариуцлагыг хүлээж байдаг. 12-оос дээш насны зохистой эрэгтэйчүүд болон хөвгүүд нь бүгдээрээ сүмийн санваартнуудын нэг хэсэг болдог. Ерөнхийдөө сүмд тогтмол ирдэг 12 настай залуу эрэгтэй нь диконд томилогдсон байдаг. Тэд 14 настай болохоороо багшийн, 16 настай болохоороо пристийн албанд томилогддог. Ихэнх насанд хүрсэн эрэгтэйчүүд ахлагч эсвэл дээд санваартанд томилогдсон байдаг. Хэдийгээр санваарт томилогдоод прист, ахлагч эсвэл дээд санваартан зэргийг хүлээн авдаг ч цуглаанд ямар нэгэн эрх мэдэл эзэмшдэггүй буюу энэ нь түүнийг удирдагч болгодоггүй. Бусад сүмийн гишүүд тэдэнд ямар нэгэн онцгой хүндэтгэл үзүүлдэггүй. Үнэндээ хэрэв хэн нэгэн хүн сүмтэй харилцаагаа тасалсан ч тэрээр сүмийн гишүүн хэвээрээ байгаа тохиолдолд ахлагч эсвэл дээд санваартан хэвээр үлддэг байна.
Хааяа сонин хэвлэл дээр “Мормон удирдагч хүүхдийн хүчирхийлэлд буруутгагдлаа” гарчигтай нийтлэл гарсан байдаг. Зарим яллагч хуульчид “дээд прист” гэх нэрийг хэрэглэвэл энэ нь нэгэн томоохон эрх мэдэлтэн хууль зөрчсөн мэт харагдаж, шүүгчид болон хэвлэл мэдээллийнхнийг улам цочролд оруулдаг гэдгийг мэддэг байна. Дээд пристийг томоохон эрх мэдэлтэй хүн гэж үзэх мэдэгдэл нь худал юм.
Хүүхдийг хүчирхийлэхийг зогсоох ажилд гишүүдийг элсүүлэх нь
Хожмын үеийн гэгээнтэн цуглааныхан нь бие биенээ харилцан дэмжсэн байдлаар хамтран ажиллаж байгаа бүлэг хүмүүс бүхий нэгэн том гэр бүлтэй адил билээ. Сүм эртнээс иймэрхүү эмгэнэлт явдлуудыг хэрхэн таньж мэдэн, урьдчилан сэргийлэхэд суралцуулахын тулд хүүхдийг хүчирхийлэх хэргийн талаар ярилцдаг байхад гэр бүлүүдийг уриалсаар ирсэн. 1976 оноос хойш гарсан сүмийн 50 гаруй мэдээ, сэтгүүлийн нийтлэл нь хүүхдийг хүчирхийлэхийг буруушааж мөн энэ талаар гишүүдийг мэдлэгтэй болгох зорилготой гарч байжээ. Сүмийн удирдагчид дэлхий даяарх сүмийн чуулганд энэ сэдвээр 30 гаруй удаа үг хэлж байсан. Хүүхдийг хүчирхийлэх хэрэг нь ням гаргийн цуглааны үеэр тогтмол заагддаг хичээлийн сэдэв юм.
Сүм өргөн цар хүрээтэй сургалтын материал, видео бичлэгүүдийг мөн боловсруулсан. Эдгээр материал нь сүмийн удирдагчдыг ийм хүчирхийллийг хэрхэн таньж мэдэхэд болон ямар хариу арга хэмжээ авч болоход сургах зорилготой хэрэглэгддэг байна. Мэргэжлийн зөвлөх ажилтнууд бүхий 24 цагийн тусламжийн холбоо барих шугам нь ямар ч тохиолдолд орон нутгийн удирдлагуудад ямар арга хэмжээ авбал зохих талаар зөвлөгөө өгдөг.
Эцэст нь хэлэхэд сүм гэр бүлүүдийг бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж байна. Хүн бүр, байгууллага бүр хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй ч эцсийн эцэст бат бөх, хайраар дүүрэн, сонор сэргэг гэр бүлүүд л хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг хамгийн сайн хамгаалалт болдог билээ. Сүмийн ерөнхийлөгч асан Гордон Б. Хинкли: “Тийм ээ, үнэн хэрэгтээ гэр бүл нь Бүхнийг чадагчийн нэг зэмсэг нь юм гэсэн хүчтэй, үнэн сэтгэлийн итгэл үнэмшил, үндсэн суурь нотолгоо нь болохгүй л бол энэ бүхэн тохиолдсоор, улам бүр ужигарсаар байх болно. Гэр бүл бол Түүний бүтээл юм. Энэ нь бас нийгмийн үндсэн нэгж юм” гэж хэлсэн билээ.
Хохирогчид туслах нь
Зарим шүүмжлэгчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хохирогчдын хэрэгцээ шаардлагыг хамгийн сүүлд тавьдаг хэмээн сэжиглэдэг. Зарим хэтрүүлэгтэй мэдээнд, сүмийн удирдагчдыг эвгүй байдалд оруулсан учраас сүм хохирогчдоос зайгаа барьж байна гэж хүртэл хэлдэг.
Эдгээр шүүмжлэгч сүмийн үндсэн зарчмуудыг эсрэгээр нь илэрхийлж байна. Хохирогчид туслах нь бидний хамгийн түрүүнд хийдэг зүйл юм. Хүчирхийллийн зовлон шаналалтай тэмцэж буй хүмүүст өрөвдөх сэтгэл, хайраар туслах нь жинхэнэ Христид итгэгч хүний мөн чанар билээ. Энэ нь манай үйлчлэлийн нэг хэсэг юм. Хохирогчид Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирэх эдгэрэлт рүү чиглүүлэгч сүнслэг удирдамжийг сүмээс олж чаддаг. Хүчирхийллийн хохирогчид нь төлбөр төлөх чадвартай эсэхээс үл хамааран хамгийн сайн сүмийн бус мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой байдаг.
Удирдагчдад зориулсан сүмийн албан ёсны зааврууд бүхий гарын авлагад сүмийн хамгийн эхний үүрэг нь хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах болон ирээдүйд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүсийг хамгаалах явдал юм хэмээн заасан байдаг.
Сүм үүнийг хэрхэн гүйцэтгэдэг вэ? Байгуулагдсан цагаасаа хойш гэр бүлийн үндсэн ойлголт болон сүмийн сургаал нь үүнд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Түүнээс гадна Тусламжийн холбоо барих шугам нь 1995 онд бишопуудыг хүчирхийллийн хохирогчдыг хэрхэн хамгаалах талаар заавар өгөх мэргэжлийн зөвлөхүүдтэй тэр даруй холбоо барих боломжоор хангахын тулд байгуулагдсан. Бишопууд сайн хүмүүс байдаг боловч өөр өөр мужуудын өөр өөр хууль эрх зүйн шаардлагуудыг болон хүүхдийг хүчирхийлэх тухай бүхий л ээдрээтэй зүйлсийг ойлгоно гэдэг нь тэдний хувьд боломжгүй. Тэдний хийж чадах зүйл бол хүүхдэд аюул учрах үед нэн даруй Тусламжийн холбоо барих шугамын утас руу залгаж утасдах явдал юм. Нэг залгаж утасдаад л тэд туршлагатай мэргэжилтнээс удирдамж авч чадна.
Тухайлбал, өсвөр насны хүүхэд хүчирхийллийн талаар бишопдоо мэдэгдвэл тэрээр хохирогчид туслах болон хүчирхийлэл цааш үргэлжлэхээс урьдчилан сэргийлэх эх сурвалжуудын талаар хамгийн түрүүнд Тусламжийн шугам руу утасдаж хэлэх хэрэгтэй. Хэрэв хэрэг явдал нь гэмт хэргийн шинж чанартай бол бишоп эрх бүхий хуулийн байгууллагад үүнийг хэрхэн мэдүүлэх тухай зааварчилгааг хүлээн авна. Бидний мэдэхээр, хүчирхийллийн хохирогчдод туслахын тулд хоногийн 24 цаг, жилийн 365 хоногийн турш мэргэжлийн туслалцаа үзүүлэх хүмүүсээр хангаж байгаа өөр ямар ч сүм байдаггүй.
Энэ нь үр дүнтэй байна уу? Тийм ээ. Ямар ч алдаа гаргадаггүй тогтолцоо гэж байхгүй ч хохирогчид хэрэгцээтэй хамгаалалт, халамжуудаа хүлээн авсаар байна.
CBS телевизийн 60 минут нэвтрүүлгээр Майк Уоллэстэй хийсэн ярилцлагадаа ерөнхийлөгч Гордон Б. Хинкли “Хохирогчдын төлөө сэтгэл минь гүнээ зовниж байна. Миний зүрх сэтгэл тэдний төлөө байдаг. Энэхүү хорон муу болон ёс бус зүйлсийг үүсч бий болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх, зовлон шаналалыг нь багасгахын төлөө чадах бүхнээ хиймээр байна.… Энэ асуудлыг даван туулахаар ихийг хийж, илүү их хичээн, чадах бүхнээ чадлаа барагдтал хийсэн, үүнтэй тулж ажилладаг, өөрчлөлт хийхийн төлөө ямар нэг зүйл хийсэн өөр байгууллага байхгүйг би мэднэ. Бид энэ асуудлын аймшигт мөн чанарыг ойлгож, өөрийн хүмүүст тусалж, тэдэнд гараа сунган, дэмжлэг үзүүлэхийг хүсдэг” гэж хэлсэн юм.
Гэмт хэрэгтэнтэй харьцах нь
Шуудхан хэлэхэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь хүүхдийг хүчирхийлэхийг огт хүлцэн тэвчдэггүй. Сүм нь хүчирхийллийн сэжиг илрэх үед гишүүддээ эхлээд зохих хуулийн байгууллагад хандахыг, дараа нь орон нутгийн бишопоосоо зөвлөмж, дэмжлэг авахыг зөвлөдөг. Сүм хүүхдийг хүчирхийлэх хэргийг мөрдөн шалгах болон гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох зэрэгт хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилладаг.
Хүүхдийг хүчирхийлэх хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон сүмийн гишүүд Бурханы хуулинд ч бас захирагдана. “Бидний зүрх сэтгэл гэмтэнд туслахыг оролддог ч түүний гэм буруу болох нүглийг нь хүлцэж чаддаггүй. Гэмт хэрэг байсан тохиолдолд шийтгэл байх болно” гэж ерөнхийлөгч Гордон Б. Хинкли хэлсэн билээ. Хүүхэд хүчирхийлэгч ялын арга хэмжээ авсан тохиолдолд уг хүчирхийлэгч манай шашны хамгийн дээд сахилгын арга хэмжээ болох гишүүнчлэлээс хасах арга хэмжээг авдаг. Гишүүнчлэлээс хасагдсан хүмүүс сүмийн цуглаанд оролцох юм уу цугларагсдын дотор ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээж авч чадахгүй.
Хийсэн хэргийнхээ төлөөсийг хуулийн дагуу төлсөн, наманчлалын хатуу чанд үйл явцыг орон нутгийн сүмийн удирдагчидтайгаа хамт туулсан хүүхэд хүчирхийлэгч нь дахин сүмийн гишүүн болж болох уу? Тийм ээ. Христэд итгэгчид бид уучлал өршөөлд итгэдэг. Гэвч тэд амьдралынхаа туршид хэзээ нэгэн цагт дахин хүүхэдтэй харьцахад хүргэх ямар нэгэн албан тушаалд үйлчлэх үү гэвэл? Мэдээж хэрэг, үгүй. Уучлал нь гэм нүглийн үр дагаврыг зайлуулдаггүй. Гэр бүлийг хамгаалах нь сүмийн анхны зарчим юм.
Сүм 1995 оноос хойш өмнө нь хүүхэд хүчирхийлж байсан гишүүдийн гишүүнчлэлийн бүртгэл дээр нууцлаг тэмдэглэгээ байрлуулдаг болсон. Эдгээр бүртгэл нь тэднийг хаашаа ч нүүсэн гэсэн дагах бөгөөд ингэснээрээ тэднийг хүүхдүүдийн дунд байлгахгүй байх анхааруулгыг бишопт өгдөг. Бидний мэддэгээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь ийм хянах тогтолцоог бий болгосон анхны шашны байгууллага юм. Бид гэр бүлийг ариунаар нандигнаж, хүүхдүүдийг хамгаалдаг. Сүм нь бэлгийн хүчирхийлэл явуулсных нь төлөө жирийн гишүүддээ (албан ёсны удирдагч биш) сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээ ноогдуулдаг цөөн хэдэн шашны байгууллагуудын нэг гэдгийг энэ нь тайлбарладаг.
Манай сүм нь бидний гол итгэлд үндэслэн энэхүү хянах тогтолцоог явуулдаг. Гишүүдийг бусад гишүүдийн хүчирхийллээс хамгаалж чадаагүйгээс болж шашны байгууллагыг хариуцлагад татсан шүүх АНУ-д нэг ч байдаггүй байна. Хэрэв тэгэх юм бол шашны байгууллагууд нь цагдаагийн байгууллагын хамтрагч, сүмийн удирдагчид нь хууль сахиулах байгууллагын албан хаагчид болж хувирах болно. Сүм хуулиас болж юм уу шүүхээр заргалдахаас айсандаа биш харин гэр бүл, хүүхдүүдэд санаа тавьсандаа ийнхүү гишүүнчлэлээ сайн дурын үндсэн дээр хянадаг.
Тайлагнах үүрэг хариуцлага
Болзошгүй хүчирхийллийн талаар эсвэл хүчирхийлэгчийн тухай мэдээлэл өгсөн эсэх мөн хэзээ өгсөн гэдэгт хуулийн олон заргын гол агуулга оршдог. Сүмийн албан тушаалтнууд хүүхдийг хүчирхийлсэн үйлдлийг хууль сахиулах байгууллагад хэзээ, хэрхэн мэдэгдэх талаар муж улсын хуулийг дагадаг.
Хэрэв хэн нэгэн хүн бишопт хандсан наманчлалаараа хүчирхийллийн талаар мэдээлэл өгвөл бишоп нь хууль сахиулах байгууллагад мэдэгдэх ёстой эсэх нь илүү хэцүү ёс суртахууны асуудал юм. Шашны хэцүү асуудлуудаас гадна зарим сүм болон мэргэжилтнүүд нь хувийн наманчлалыг мэдүүлэх талаар санваартныг хүчлэх нь хүүхэд хүчирхийлэгчийн тусламж авахаар ирэх боломжийг багасгаж байгаа хэрэг гэж итгэдэг. Тэд магадгүй үргэлжлүүлэн хүчирхийлсэн хэвээр байх болно. Зарим хүмүүс гэмт хэрэгтэн нь хүчирхийлэл давтан үйлдэх өндөр магадлалтай тул хууль сахиулах байгууллага маш хурдан оролцох хэрэгтэй гэж үзэж маргалддаг. Энэ хэцүү асуудал дээр тогтсон нэг үзэл бодолд хүрээгүй л байна.
Энэ асуудлын төвөгтэй байдал нь муж бүрийн мэдүүлсэн хуулиудын олон төрлийг тусгахад оршдог. Шашны удирдагчидтайгаа хийсэн албан ёсны наманчлалын нэг хэсэг биш л бол шашны санваартан нь мэдээллийг зохих газар нь өгөх ёстой гэсэн хууль хорин гурван мужид байдаг. Эдгээр мужид жишээ нь, сүмийн санваартан нь хүчирхийллийн талаар наманчлал гэх мэт итгэл хүлээсэн харилцаагаар олж мэдвэл үүнийгээ хууль сахиулагч байгууллагуудад мэдээлэх хуулийн хариуцлага хүлээдэггүй боловч хэрэв сүмийн санваартан нь хүчирхийллийг биечлэн харсан эсвэл хүчирхийлэлд сэжиглэх гол шалтгаан байвал заавал мэдүүлэх шаардлагатай. Өөр есөн мужид сүмийн санваартан нь ямар ч тохиолдолд байсан хамаагүй, хүүхдийг хүчирхийлсэн хүний тухай мэдүүлэх үүрэгтэй. Үлдсэн 18 мужийн болон Колумб дүүргийн мэдүүлэх хуулинд сүмийн санваартнаас хүүхдийг хүчирхийлсэн хэргийг мэдүүлэхийг шаарддаггүй гэжээ.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бишопууд нь хүүхэд хүчирхийлсэн хэргийн талаар мэдэх үедээ хоёр үндсэн үүрэг хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Нэгдүгээрт, тэд хохирогчийг хамгаалах ёстой. Хоёрдугаарт, тэд гэм буруутныг үйлдлийнх нь төлөө хариуцлагад татах ёстой. Сүмийн санваартнаас итгэл хүлээсэн наманчлалын нууцыг мэдүүлэхийг шаарддаггүй мужуудад ч гэсэн бишоп цаашид болзошгүй хүчирхийллээс сэргийлж, чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хийсэн зүйлдээ хариуцлага хүлээх, хуулийн байгууллагуудад очих зэрэг хүчирхийлэгчийг ятгах бүхий л чармайлтыг гаргах хэрэгтэй. Хэн нэгэн хүн наманчлахаар бишоп дээрээ ирнэ гэдэг нь нэр хүндтэй сүмийн удирдагч түүнд зөв зүйл хийхэд нь нөлөөлөх боломжтой болдог гэсэн баримтыг илүү магадлалтай болгож байна.
Гэмт хэрэг шүүхэд шилжих үед
Хүүхэд хүчирхийлсэн хэргийн талаар сүм хэзээ нэгэн цагт шүүхэд дуудагдаж байсан уу? Тийм ээ. Сүм сүүлийн арав гаруй жилийн турш өргөдөл гаргагчийн онцгой нөхцөл байдлын улмаас цөөн тооны хэргийг шүүхэд очихоос нь өмнө шийдвэрлэсэн. Сүмээс бараг бүх хэрэгт хохирогчид зориулан зөвлөгөө өгөх хүнийг санал болгосон.
Хүүхэд хүчирхийлэх явдал нь ганцхан сүмийн асуудал биш юм. Энэ нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувьд энэ төвөгтэй байдалтай холбоотой ойлголт нь 1980 онд хүүхэд хүчирхийлэх явдал ноцтой асуудал болон гарч ирсэн үеэс эхлэн гүнзгийрсэн. Үүнээс хойш сүм тулгамдсан байдалтай тулгараад байна. Сүм хүүхдүүдийг хэрхэн хамгаалж, гэм буруутантай хэрхэн тууштай ажиллах вэ? Түүнчлэн шүүхэд хуурамч болон үндэслэлгүй хэрэг үүсэх үед сүм өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Шүүгчдийн дэмжлэгийг авахын тулд цөөн хэдэн хуульч сүм нь хүүхэд хүчирхийлэгчдийг хоргодох газраар санаатай хангадаг гэж хүртэл гүтгэдэг. Ийм шүүмжлэл нь сүмийн удирдагчид болон гишүүдэд итгэмээргүй бөгөөд үнэхээр үндэслэлгүй зүйл юм. Сүмийн удирдагчид өөрсдийн хүүхдүүдийг эрсдэлд оруулан, хүчирхийлэгчийг хамгаалдаг гэдэг нь утгагүй юм.
Үүнийг бодит амьдрал дээр авч үзье. АНУ-д жил бүр олон зуун хүүхэд хүчирхийлсэн хэрэг сүмүүдийн эсрэг бүртгэгддэг. Ганц хэрэг ч дэндүү их мэт тооцогдох хэдий ч харьцангуй цөөн хэрэг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн — эсрэг бүртгэгддэг нь АНУ-д байдаг зургаан сая гаруй гишүүнээс гарч болох тохиолдлын тоотой харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Үүний нэг шалтгаан нь өнгөрсөн 20 гаруй жилийн турш энэ асуудлыг шийдэхийн тулд сүм эрчимтэй хүчин чармайлт гаргасанд оршиж байна. Өнөөдөр шүүхэд ирээд байгаа ихэнх хэрэг нь сүмийн одоогийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжиж эхлэхээс бүр өмнө гарсан хүчирхийллийн хэргүүд юм.
Өөр нэг чухал зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Сүмүүд хүчирхийлэгч прист болон гишүүдээ нуун далдалсан гэсэн гүтгэлгээс болж 2002 онд сүмийн удирдагчийн хүчирхийллийн хэргүүд улс даяар гэнэт гарч ирсэн. Харин эсрэгээр, бишоп хүчирхийлэл үйлдсэн гэдэг хэргээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэзээ ч шүүхэд дуудагдаж байгаагүй. Үүний оронд сүмийг оролцуулсан хэргүүдэд ихэвчлэн нэг гишүүн нь нөгөөгөө хүчирхийлсэн байдаг. Ихэнх сэжиг бүхий хэргүүд нь сүмийн эзэмшил газар дээр болон сүмтэй холбоотой үйл ажиллагаан дээр хэзээ ч болж байгаагүй.
Тийм учраас энэ тохиолдлуудад сүм ямар нэгэн зүйл нуух гэсэндээ биш харин сүмийн үнэт зүйл болох хүүхдүүдээ — хамгаалах гэж л сүм өөрийгөө өмгөөлдөг.
Сүмд хандсан Бурханы үг
Дараах үгсийг 2002 оны дөрөвдүгээр сард Солт Лэйк хотод ерөнхийлөгч Гордон Б. Хинклигийн дэлхий дээрх сүмийн гишүүддээ хандаж хэлсэн үгээс эш татав:
“Энэ төрлийн хүчирхийлэл нь шинэ зүйл биш юм. Энэ нь олон зууны турш байсаар ирснийг харуулсан баримт байдаг. Энэ нь хамгийн жигшүүртэй, эмгэнэлтэй, аймшигтай хэрэг. Бидний дунд энэ аймшигт хилэнцэт гай зовлонгийн талаар илэрхийлж мэдэгдэж байсан нь маш хязгаарлагдмал байсныг хэлэхэд надад харамсалтай байна. Энэ нь эвлэрэх юм уу хүлээн зөвшөөрч болох зүйл биш билээ. Их Эзэн Өөрөө “Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр” (Maтай 18:6) гэж хэлжээ.
“Энэ бол Энх Амгалангийн Ханхүү, Бурханы Хүүгийн маш хатуу үгс юм.
“Би Сүмийн удирдамж гарын авлагад “Сүм ямар ч хэлбэрийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурь баримталдаг. Хүчирхийлэгчдэд … сүмийн сахилгын арга хэмжээ авдаг. Тэдэнд сүмийн дуудлагат ажил өгөх ёсгүй бөгөөд ариун сүмийн эрхийн бичигтэй байж болохгүй. Хэрэв хэн нэгэн хүн хүүхдийг бэлгийн болон бие махбодын хувьд хүчирхийлснийхээ дараа сүмийн сахилгын арга хэмжээг хүлээн авч, хожим нь бүрэн гишүүнчлэлээ сэргээлгэсэн эсвэл баптисм дахин хүртсэн ч байсан, Тэргүүн Зөвлөл уг хүний гишүүнчлэл дэх тэмдэглэгээг арилгахыг зөвшөөрөхөөс нааш сүмийн удирдагчид түүнийг хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах ямар ч дуудлагат ажилд дуудах ёсгүй” гэсэн байдгийг эш татъя.”
‘Хүчирхийлэл гарсан тохиолдлуудад сүмийн эхний үүрэг хариуцлага нь хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах мөн ирээдүйд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүсийг хамгаалах явдал юм.’
“Энэ асуудал дээр бид одоо удаан хугацааны турш ажиллаж байна. Бид бишоп, гадасны ерөнхийлөгч болон бусад хүмүүсийг хохирогчдод тусалж, тэднийг тайтгаруулан, хүчирхэгжүүлж, тэдэнд тохиолдсон явдал нь буруу зүйл байсан гэдгийг, энэ нь тэдний буруугаас болж тохиолдоогүй гэдгийг мөн энэ нь дахин хэзээ ч тохиолдох ёсгүйг ойлгуулахад уриалсан.
“Бид нийтлэлүүд хэвлэж гарган, сүмийн албан тушаалтнууд хэргийг хэрхэн шийдвэрлэх зөвлөгөөг хүлээн авч болоход туслах холбоо барих утасны шугамыг бий болгож, ХҮГ Гэр бүлийн үйлчлэлээр дамжуулан мэргэжлийн тусламж санал болгосон билээ.
“Эдгээр үйлдэл нь ихэвчлэн эрүүгийн шинж чанартай байдаг. Тэд хуулийн дагуу шийтгэгдэх ёстой. Хуульч, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлийн зөвлөхүүд эдгээр нөхцөл байдал дахь үүргийнх нь талаар бишоп болон гадасны ерөнхийлөгчид энэхүү утасны шугамаар зөвлөгөө өгч туслах боломжтой байдаг. Бусад орны хүмүүс тухайн газар нутгийнхаа Бүсийн ерөнхийлөгчид рүү утасдаж болно.
“Сүмийн одоо хийх ажил бол авралын ажил юм. Үүнийг би онцлон хэлэхийг хүсч байна. Энэ нь бодгалийг аврах ажил юм. Бид хохирогч, гэмт этгээд хоёрт хоёуланд нь туслахыг хүсдэг. Бидний зүрх сэтгэл хохирогчид туслахыг хичээн, бид түүнийг дэмжин туслах ёстой. Бидний зүрх сэтгэл гэмт этгээдэд туслахыг хичээдэг боловч бид түүний үйлдсэн гэм нүглийг тэсч өнгөрөөх ёсгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн л бол ял шийтгэл байх ёстой. Иргэний хуулийн үйл явц нь өөрийн арга замаар ажиллах болно. Тэгээд шашны үйл ажиллагаа ч бас өөрийн арга замаар явагдаж, ихэнхдээ гишүүнчлэлээс хасах арга хэмжээг авдаг. Энэ нь нарийн бөгөөд ноцтой асуудал билээ.
“Гэсэн хэдий ч шийтгэл оноогдож, шударга ёсны төлөөс төлөгдсөний дараа тусламжийн болон сайхан сэтгэлийн гар туслахаар ирдэг гэдгийг бид зөвшөөрөх мөн үргэлж хүлээн зөвшөөрөх ёстой. Магадгүй хязгаарлалтууд үргэлжилж байж болох ч нинжин сэтгэл байсаар байх болно.”