Мэдээ мэдээлэл

Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн оюутнууд бизнес, соёл, хүмүүнлэгийн сайн үйлсийн хүрээнд хоёр улсын харилцааг бэхжүүлэв

Бригам Янгийн Их сургуулийн (BYU) Менежментийн профессор Шад Моррис, Нягтлан бодох бүртгэлийн профессор Стив Смит нарын ахалсан 34 оюутны бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад боловсрол болон сайн үйлсийн чиглэлээр онцгой ач холбогдол бүхий айлчлал хийгээд буцлаа. Энэ хөтөлбөр нь дэлхийн бизнесийн мэдлэгийг соёлын ойлголт, хүмүүнлэгийн үйл ажиллагаатай хослуулсан, сургалтын шинэ шатны туршлага байлаа.

Мөн хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад Монголын нийгмийн хэд хэдэн салбарыг биечлэн судлах ховор боломж олдов. Айлчлалын эхэнд тэд Монголын томоохон санхүүгийн байгууллагын нэг болох Хаан банкинд зочлон, ажилтнуудаа дэмждэг, уян хатан удирдлагын загвартай танилцсан бөгөөд энэ үеэр бүх түвшний ажилтнуудыг чадавхижуулах нь байгууллагын амжилт, тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдгийг ойлгоход чухал туршлага болсон хэмээн оюутнууд онцолсон юм.

Оюутнууд мөн Монголын ноолуурын салбарын гол үйлдвэрүүдийн нэгээр зочлон дэлхийн нэхмэл нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсын гүйцэтгэж буй чухал үүргийг өөрсдийн биеэр мэдэрч, тогтвортой түүхий эдийн ханган нийлүүлэлт хэрхэн хэрэгждэг талаар ойлголттой болсон байна.

Айлчлалын онцлох мөчүүдийн нэг нь Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хийсэн уулзалтын үеэр тохиосон бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд гэнэт зочилж ирсэн явдал байлаа. Элчин сайд Буанган тус айлчлалыг сайшаан, “Ийм олон тооны Америк оюутнууд нэг дор Монголд айлчилж байсан нь урьд өмнө бараг байгаагүй болов уу,” хэмээн онцолсон юм. Тэрбээр дараа нь өөрийн цахим хуудаснаа, “Монголд зочилж буй 40 гаруй BYU-ийн оюутнуудтай уулзаж урам зоригоор цэнэглэгдлээ. Тэд олон улсын бизнесийн талаар, түүний дотор тулгардаг бэрхшээл ба боломжуудын тухай дэлгэрэнгүй сурч байна. Ийм төрлийн айлчлалууд манай хоёр улсыг улам ойртуулж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хамтын хөгжилд түлхэц болдог,” хэмээн хуваалцжээ.

Сургалт, мэргэжлийн туршлага судлах айлчлалаас гадна оюутнууд орон нутгийн нэгэн сургуулийн үйл ажиллагаанд сайн дураар туслан, ногооны хашаа байгуулж, сургуулийн орчныг цэвэрлэн, сурагчидтай гар бөмбөг, хөл бөмбөг тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөсөн билээ.

“Энэ аялал зөвхөн бидний сурсан зүйлсийн тухай биш, харин бид юу өгч, ямар нөлөө үзүүлж чадсан тухай байсан,” хэмээн профессор Моррис онцолсон юм.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ: “Оюутнууд маань дэлхий ертөнцийг илүү гүнзгий ойлгож, урт хугацааны нөхөрлөлийг бий болгосон төдийгүй, хамтын ажиллагааны үнэ цэнийг бодитоор мэдэрсэн нь энэ аяллын хамгийн чухал үр дүн байлаа” гэв. Тус айлчлал нь боловсрол, сайн үйлс болон итгэл үнэмшил хэрхэн хослон олон улсын хэмжээнд утга учиртай нөлөө үзүүлж чаддагийн тод жишээ болж үлдлээ.

BYU нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг, АНУ-ын нэр хүндтэй хувийн их сургуулиудын нэг юм. Иймээс тус

сургуулийн төлөөлөгчдийн энэхүү айлчлал нь сүмийн эрхэмлэдэг гол үнэт зүйлс болох нийгмийн үйлчилгээг дэмжих, боловсролыг эрхэмлэх, дэлхий нийтийн иргэншлийг хөхүүлэн дэмжих үзлийг илэрхийлсэн онцлог үйл явдал болж өнгөрлөө. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид олон улсын бизнесийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлээд зогсохгүй Монгол, Америкийн харилцааг илүү найрсаг, хүмүүнлэг болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулсан явдал юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.