Мэдээ мэдээлэл

АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн “Винд симфони” үлээвэр найрал хөгжмийн 50 хүнтэй оркестр Улаанбаатар хотноо тоглолт хийлээ

 

АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн “Винд симфони” үлээвэр найрал хөгжмийн оркестр Др. Дональд Пэтэрсоны удирдлагаар Монголын сонгодог урлаг сонирхогч, урлаг судлаач, хөгжмийн шүүмжлэгч, иргэд олон нийтэд зориулан 2015 оны 5-р сарын 5, 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордонд үнэ төлбөргүй тоглолт хийлээ. Тоглолт уг оркестрийн Азид хийж буй аялан тоглолтынх нь нэг хэсэг бөгөөд “Найрсаг Улаанбаатар ” арга хэмжээний хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлог болж байна.

Оркестр Бригам Янгийн Их Сургуулийн хамгийн шилдэг 50 хөгжимчнөөс бүрдсэн бөгөөд уг хамтлаг бишгүүр, бүрээ, туба, эуфониум, тромбо, үлээвэр, цохиур зэрэг хөгжмөөр тоглодог. Оркестр  Жон Пилиф Саусагийн жагсаалын хөгжмөөр болон Бродвэй театрын шилдэг хөгжмөөр олон концерт, үлээвэр хөгжмийн бүтээлүүдийг туурвисан байна. 

Хоёр өдөр үргэлжилсэн тоглолт үзэгчдийн сэтгэлийн утсыг хөдөлгөсөн бөгөөд тоглолтын төгсгөлийн хэсэгт “Винд симфони”оркестр Соёлын гавьяаь зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлэг, Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим, XX зууны манлай дуу болох “Халуун элгэн нутаг” дууг тоглон гэнэтийн бэлэг барив.   

Уг оркестрийн соёл урлагийн менежер Трой Стрийтэр манай оронд айлчлан, тус Их сургууль, Монголын ард түмний хооронд бүтээлч соёлын харилцаа бий болгох боломж нээгдэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Оркестрийн тус тоглолтын зохион байгуулалтын ажлыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Монгол дахь Олон нийттэй харьцах алба хариуцан хийсэн байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.