Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Жэффри Р.Холланд (11-р сарын 21-ний өдөр) Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайд Тереза Мэйд гэр бүлийнх нь түүхийг гардуулан өгөв. Лондон дахь Нэгдсэн Вант Улсын парламентын ордонд болсон энэхүү уулзалтад ахлагч Холланд, түүний эхнэр Патриша Т.Холланд эгч, Сүмийн Европын бүсийн ахлах удирдагч ахлагч Алан Т.Филлипс нар байлцжээ.
Парламентын ордонд болсон арга хэмжээнд Парламентын гишүүн Стивэн Көрр, түүний эхнэр Ивонн Көрр болон Дэвид Ратли нар оролцов. Тэд Сүмийн гишүүд юм.
Эрхэмсэг хатагтай Тереза Мэй өвөг дээдсийнх нь таван үеийг хамарсан хоёр боть гэр бүлийн түүхийг хүлээн авсан. Нэгдүгээр боть нь түүний эцгийн талын, хоёрдугаар боть нь эхийн талын үе удмыг тус тус харуулжээ. Гэр бүлийн энэхүү түүхэд угийн бичгийн хураангуй, гэр бүлийнх нь болон түүхэн цаг үеийн мэдээлэл, сонгож авсан түүхэн баримтуудын хуулбар байгаа юм.
Ахлагч Холланд “Надад ерөнхий сайд Мэйтэй Нэгдсэн Вант Улсын Парламентын ордонд уулзах завшаан тохиолдсонд би тун баяртай байна. Мөн бидний бэлэг болох түүний гэр бүлийн удам угсааны баялаг түүхийг гардуулж өгөхөд таатай байна. Гэр бүлийн талаар судлах нь бидний хувьд төдийгүй түүний хувьд агуу үнэ цэнтэй юм” гэж хэлсэн.
Эдгээр ботийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс санхүүждэг, ашгийн бус байгууллага болох FamilySearch-ийн судлаач мэргэжилтнүүд болон дизайнеруудаас бүрдсэн баг долоон сарын хугацаанд боловсруулсан ба судалгаа хийж, нэгтгэн боловсруулж, хэвлэхэд 2500 гаруй цагийг зарцуулжээ.
Тереза Мэй гэр бүлийнхээ түүхийн архивын өөрт нь зориулсан хуулбарыг хүлээн авсан дэлхийн нэр хүндтэй удирдагчдын нэг боллоо. Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайд Дэвид Камерон, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн, Австралийн ерөнхий сайд асан Жулиа Гиллард болон Германы ерөнхийлөгч асан Иоханес Рау нар мөн гэр бүлийн түүхээ гардан авч байжээ.
Сүм Нэгдсэн Вант улсад гэр бүлийн түүхийн 126 төвтэй бөгөөд тэдгээр нь олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг. FamilySearch.org бол өвөг дээдсийнхээ талаар олж мэдэхийг хүссэн хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй онлайн эх сурвалж юм.