Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн бурханлагаар илчлэгдсэн нэр дээр төвлөрч эхлэх хэрэгтэйг 2018 оны 8-р сард сүнслэг өдөөлтөөр мэдэрсэн бөгөөд шинэ бэлгэ тэмдэг нь энэхүү идэвх зүтгэлийн үргэлжлэл хэмээн хэлэв. Тэр цагаас хойш Сүмийн удирдагчид, алба хэлтсүүд, холбогдох нэгжүүд, голлох вэбсайт, Сүмийн гишүүд болон бусад олон хүн Сүмийн зөв нэрийг ашиглаж байгаа талаар тэрээр дурдсан.
“Бид Их Эзэний нэрийг Түүний Сүмийн нэрээс хасахдаа санамсаргүйгээр Түүнийг сүсэг бишрэл, амьдралынхаа гол цөмөөс хасдаг учраас ийнхүү онцгойлон идэвх зүтгэл гаргасан юм. Бид баптисм хүртэж, Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авахдаа үг, бодол санаа, үйлдлээрээ Есүс бол Христ гэдгийг гэрчлэхээр амладаг” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн. Тэрээр хамгийн наад захаар бодоход 1990 оноос эхлэн тохинууллынхаа хугацаанд Сүмийн зөв нэр дээр онцгой анхаарал хандуулж байгаа билээ.
Энэхүү шинэ бэлгэ тэмдэг нь Есүс Христийн нэрийг мөн Сүмийн бүхий л үйл ажиллагаан дахь Түүний голлох үүргийг тодотгож байна. Сүмийн нэр булангийн чулууг төлөөлж байгаа дөрвөлжин дүрс дотор агуулагдана. Энэ санаа нь библиэс эхтэй. Төлөөлөгч Паул Ефэс дэх I зууны гэгээнтнүүдэд бичсэн захидалдаа барилгын зүйрлэлийг ашиглажээ. Тэрээр Сүм элч нарын болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ хэмээн бичсэн. Бэлгэ тэмдгийн голд Торвалдсэны Христ (Christus) хэмээх гантиг хөшөөний дүрслэл байна. Есүс Христ нуман хаалганы доор зогсож байх бөгөөд энэ нь цовдлогдсоноосоо хойш гурван өдрийн дараа булшнаас гарч ирж буй амилсан Аврагчийг бидэнд сануулна.
Ерөнхийлөгч Нэлсон “[Бэлгэ тэмдэг] нь Өөрт нь ирэх бүгдийг хүлээн авахаар мутраа сунгаж буй амилсан бөгөөд амьд Их Эзэнийг дүрсэлдэг.” “Бид сэргээгдсэн сайн мэдээг амилсан бөгөөд амьд Христтэй холбож үздэг болоод удаж байгаа болохоор энэхүү бэлгэ тэмдэг олон хүнд дотно санагдах учиртай” гэж хэлсэн.
Энэхүү шинэ тэмдгийг Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын чиглүүлснээр Сүмийн материалуудад ашиглаж болно. Шинэ бэлгэ тэмдгийн дэлхий даяар хэр боломжтой ашиглах зэрэг хэрхэн ашиглах талаар нарийвчилсан заавар боловсруулж байна.