Мэдээ мэдээлэл

Та найдвар хайж байна уу? 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган үнэн, урам зоригийн тухайд голчлон төвлөрөх болно 

           

Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг ихэнх хүн залбирахдаа доош бөхийн, өвдөг сөгддөг бөгөөд энэ нь хаана хандахаа мэдэхгүй болсон үедээ эцсийн найдвар тээн хайдаг газар юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд, 4 болон 10-р сарын эхний долоо хоног бол залбирах, найдлага тээх баяр билээ. Энэ өдрүүдийг Ерөнхий чуулган гэж нэрлэдэг. Дараагийн Ерөнхий чуулган 2020 оны 10-р сарын 3–4-ний өдрүүдэд болно. 50 гаруй улсын 16 сая гаруй хожмын үеийн гэгээнтэн телевиз, интернэт, радиогоор дамжуулан олон арван хэл дээр Ерөнхий чуулганыг үзэж мөн сонсох болно. Хэрхэн үзэж, сонсох талаар эндээс үзнэ үү.

Сүмийн удирдагчид эдгээр цугларалт хүртэл тоолж баршгүй олон цаг өвдөг дээрээ сөгдөн, итгэл найдвар, урам өгөх захиас бэлтгэхээр залбирдаг бөгөөд тэрхүү үгс нь бүгд Есүс Христийн сайн мэдээнд үндэслэгддэг. Тэдний сургаал , Ариун сүмийн талбай дахь Табэрнэклын найрал дуу, оркестрын гайхалтай сайхан дуу хөгжим бүх дэлхийд зориулагдсан. Бурхан биднийг чиглүүлнэ гэсэн итгэлтэйгээр бид компьютер, радио, ухаалаг утас, телевизийнхээ эргэн тойронд цугларан сонсдог. Хожмын үеийн гэгээнтэн мөн эсэхээс үл хамааран Ерөнхий чуулганыг үзэж мөн сонсох хүн бүрд Тэрээр өвөрмөц байдлаар үнэнийг ярина гэдэгт бид итгэдэг.

Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсон 3-р сарын 28-ны өдөр “Хүнд хэцүү цаг үед цөөхөн зүйл л үнэн шиг тайвшруулж, тайтгаруулдаг. Асуудалтай ертөнцийн бүрхэг харанхуйн дунд Есүс Христийн гэрэл урьд урьдынхаасаа улам тод гэрэлтэж байна. Бид Түүнийг эрэлхийлж мөн сонсож сурвал Тэрээр бидний зүрх сэтгэл, оюун ухаанд үнэнийг ярих болно” хэмээн хэлсэн.

Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтой юм. Иосеф Смит Нью-Йоркийн Палмирад өвдөг сөгдөн анх залбирсны 200 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Өнөө үеийнхний адил Иосеф өөрийн асуудлуудад үнэхээр зовниж байв. Тэрээр өөрийн сүнс, авралын талаар ихэд санаа зовдог байжээ. Мөн аль сүм Есүс Христийн сүм болохыг мэдэхийг хүсэж байлаа. Тэрхүү залбирал агуу өөрчлөлтийг авчирсан.

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр түүнд үзэгдсэн. Тэнгэрлэг Эцэг хайртай Хүү рүүгээ заан, залуухан Иосефт “Түүнийг сонс!” хэмээн хэлсэн. Тэр явдлаас эхлэн агуу үйл явдлууд улиран тохиож, бидэнд, бидний олонход Мормоны Ном ирж, шинэ сүм байгуулагдан, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн танигдсан дэлхий даяарх итгэгчдийн гэр бүл үүссэн билээ.

Иосефын залбирал энэ дэлхийд загвар болох боломжтой. Хожмын үеийн гэгээнтнүүд тэнгэрээс тасралтгүй илчлэлт ирсээр байгаа гэдэгт итгэдэг. Ерөнхий чуулган бол Бурханы үгийг сонсохыг хичээдэг аргуудын маань нэг юм.

Бусадтай л адил, бидэнд бүх хариулт байхгүйг бид мэднэ.

Харанхуй, тодорхой бус үеүдэд Бурханы бүх хүүхэд гэрлээр төдийгүй тодорхой байдлаар өлсөж цангадаг. Ийн өлсөхөд шалтгаан бий. Учир нь бидний бие махбодод тэнцвэртэй шим тэжээл хэрэгтэйн адил бидний сүнсэнд гэрэл, үнэний тэжээл хэрэгтэй. Ийм сүнслэг тэжээлгүйгээр, Бурхан энэ ертөнц дэх хүн бүрд хайртай гэдгийг мартахад амархан байдаг байж магадгүй.

Бурхан өдөр бүр бидэнтэй олон арга замаар ярьдаг. Бидэнд тохиолдсон сорилт бэрхшээл заримдаа эмгэнэлтэй, зүрх зүсэм байж болох ч энэхүү байдал нь биднийг Түүний дуу хоолойг илүү сайн сонсоход туслах болно. Тэр биднийг маш их хайрладаг. Гэвч бид амьдралынхаа туршид гүн нойронд автах хандлагатай байдаг учраас биднийг сэрээх үйл явц хэрэгтэй болдог.

Үнэний болоод гэрлийн олон эх сурвалж нийгэмд бий. Бид тэр бүхнийг үнэлэх хэрэгтэй. Таныг шашин шүтлэгээс тань үл хамааран (эсвэл шүтлэггүй ч байж болно), Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганыг энэхүү хүнд хэцүү цаг үед найдвар, амар амгаланг эрэлхийлэх эрлийнхээ нэгээхэн хэсэг болгоход урьж байна. Чуулганы захиасууд үнэний болон урам зориг төрүүлэм сэдэв дээр голлон төвлөрөх болно. Үүнийг хүсэхгүй хүн байна гэж үү?

Биднийг хамтдаа бишрэн шүтэх үед Ариун Сүнсний эдгээх хүч биднийг итгэлээр урагшлах урам зориг, өөдрөг үзлээр дүүргэж чадна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.