Мэдээ мэдээлэл

Их-20 Шашны төлөөлөгчдийн чуулга уулзалт дээр Юбанк эгч гамшгийн үед шашны гүйцэтгэх үүргийн талаар үг хэллээ

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллага хүнсний хямралын эсрэг хамгийн том тусламжийн хөтөлбөрөө эхлүүлэв

 

Саудын Арабын Вант улсад зохион байгуулагдсан Их-20 Шашны төлөөлөгчдийн чуулга уулзалтын хаалтын хуралдааны үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Хүмүүнлэгийн байгууллагын ерөнхийлөгч Шэрон Юбанк эгч Хожмын үеийн гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллага (ХҮГЭБ) Ковид-19, түүнээс үүдсэн хүнсний хямралын эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор 35 жилийнхээ түүхэн дэх хамгийн том тусламжийн хөтөлбөрөө эхлүүллээ” хэмээн хэллээ.

Энэ жил дэлхийн 150 улс оронд 895 төсөл хэрэгжүүлээд байгаа тухай Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр мэдэгдсэн.

Юбанк эгч Сүмийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр мөн ажилладаг бөгөөд цар тахлын улмаас тус чуулга уулзалтад 2020 оны 10-р сарын 17-ны бямба гарагт Юта муж дахь гэрээсээ оролцсон.

“Гамшгаас үүдэлтэй эрсдэлийг бууруулахад шашны байгууллагуудын оролцоо” сэдвийн доор зохион байгуулагдсан уг хуралдаан нь чуулга уулзалтын сүүлчийн өдөр цахим хэлбэрээр болж өндөрлөсөн.

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудаас үзэхэд өнгөрсөн оны сүүлчээр тохиосон царцааны нүүдэл, Ковид-19-ийн улмаас дэлхий дахинд тулгараад буй эдийн засгийн огцом уналт, вирусийн тархалтаас сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээ зэргээс үүдэн 265 сая хүн хүнсний хомсдолд орох аюул тулгараад байгаа тухай Юбанк эгч мэдээлэв.

Тэрээр “Уг тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй хоёр дахин өссөн байна. Бид энэ хямралын эсрэг зохион байгуулалттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн аймшигт өлсгөлөн нүүрлэх төлөвтэй байна” хэмээн хэлсэн.

Шашны байгууллагууд цар тахалтай тэмцэх зорилгоор орон нутгийн удирдлагуудтай түншлэлийн харилцаа тогтоож, нийгмийн ёс суртахууныг сайжруулж, хүний нэр төр хадгалан хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллалаа хэмээн уг уулзалтын зохион байгуулагчид хэлжээ.

“Хэрэгжүүлж буй төсөл нэг бүр төр, олон нийтийн байгууллага, бусад шашны байгууллагатай урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд үүсгэсэн харилцан итгэлцэл дээр тогтдог” хэмээн Юбанк эгч хуралдааны үеэр хэлсэн үгэндээ дурдав.

Цар тахлаас үүдэн сургууль, ресторанууд сүү, төмс болон бусад бүтээгдэхүүнийг тариаланчдаас худалдан авахгүй байсан тул тариаланчид тэдгээр бүтээгдэхүүнээ хаяхад хүрээд байв. Нийлүүлэлтийн хэлхээ таслалдаад байсан тэр үед ХҮГЭБ, өвсний үндэс хөдөлгөөний гишүүд, их сургуулийн оюутнууд болон бусад хүн дээрх бүтээгдэхүүнийг худалдан авсан хэмээн Юбанк эгч хэлсэн.

Тэрээр “ХҮГЭБ их хэмжээний төмс худалдан авч улс даяар байрлах хүнсний агуулахууд руу илгээсэн. Илүүдэл төмс, сүүг хуурайшуулах аргаар боловсруулж бусад газар луу тээвэрлэсэн. Өмнө ашиглагдаж байсан түгээлтийн сүлжээ өндөр үр бүтээмжтэй ажиллаж, шинэ түншлэгч байгууллагууд хурдтай гүйцэтгэж чадсан тул энэ бүхнийг хийж чадсан” хэмээн хэлэв.

Ерөнхийлөгч Нэлсоны 4-р сард гаргасан уриалгын дагуу хүмүүс дэлхий даяар мацаг барьсан бөгөөд тэдний өргөсөн хандивын тусламжтайгаар “өлсгөлөнд нэрвэгдсэн хэдэн зуун мянган хүнд хүнсний тусламж хүргэсэн” хэмээн Юбанк эгч хэлэв.

Тэрээр үгийнхээ төгсгөлд төрийн эрх бүхий албан хаагчдад хандан, онцгой байдлын эсрэг бэлтгэл хангах ажилд шашны байгууллагын удирдагчдыг оролцуулахыг уриалав.

“Шашин шүтлэг бол хоол хүнстэй адил чухал зүйл” хэмээн тэрээр үгээ өндөрлөв.

Энэхүү чуулга уулзалтад уулзалтын зохицуулагч, Саудын Арабын Вант Улсын Шура зөвлөлийн гишүүн асан, НҮБ-ын Хүн амын сангийн (НҮБХАС) гүйцэтгэх захирал асан др. Торая Ахмэд Обайд, Ноура Бинт Абдулрахман гүнжийн нэрэмжит их сургуулийн сургалтын алба, оюутны үйлчилгээ хариуцсан дэд захирал др. Амал Аль Хабдан, Исламын Хөгжлийн Банкны ерөнхийлөгч др. Бандар М.Х.Хажжар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Эндрю Морли, Их Британийн Лордуудын танхимын гишүүн, Винтерборнын баронесс Эмма Николсон, Ойрх Дорнод ба Африкийн Исламын шашны тусламжийн байгууллагын бүс нутгийн хөтөлбөрийн менежер Фадлуллах Вилмот зэрэг хүмүүс оролцлоо.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Бэднар Их-20 чуулга уулзалтад оролцон, Ковид-19-өөс үүдсэн хямралын үед шашны гүйцэтгэх үүргийн талаар үг хэлэв.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.