Мэдээ мэдээлэл

Их-20 Шашны төлөөлөгчдийн чуулга уулзалтын үеэр ахлагч Бэднар ковид-19-өөс үүдсэн хямралын үед шашны гүйцэтгэх үүргийн талаар үг хэллээ

Саудын Арабын Вант улсад цахим хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү уулзалтын үеэр Төлөөлөгч Бэднар төрийн болон шашны байгууллагууд хамтарч ажиллах томоохон бололцоо байгаа талаар үг хэлэв

Зарим улсын төр засаг нь шашны үйл ажиллагааг хүний амьдралын нэн чухал хэсэг биш хэмээн тодорхойлсон нь ковид-19 цар тахлаас үүдэн үүссэн хямралыг даван туулах үйлсэд саад учруулж байна хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Дэвид А.Бэднар 2020 оны 10-р сарын 14-ний өдөр хэллээ.

E-Bednar-G-20-Mongul.jpg
2020 оны 10-р сарын 14-ний өдрийн лхагва гарагт ахлагч Дэвид А.Бэднар Сүмийн төв оффисын байр дахь студиэс Их-20 Шашны төлөөлөгчдийн чуулга уулзалтын оролцогчдод хандан үг хэлж байгаа нь. Энэхүү чуулга уулзалт нь 2020 онд Саудын Арабын Вант улсад цахим хэлбэрээр зохион байгуулагдсан.© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                                 

Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй Их-20-ийн бүлгийн (Их-20) Шашны төлөөлөгчдийн чуулга уулзалтад шашны болон улс төрийн 500 гаруй удирдагч цахим хэлбэрээр оролцсон бөгөөд ахлагч Бэднар оролцогчдод хандан, үг хэллээ. Тэрээр “Зарим тохиолдолд шашны үйл ажиллагааг зохих хэмжээнд хязгаарлах шаардлага гардаг нь үнэн. Хувь хүн бүрийн аюулгүй байдал бол үргэлж хамгийн чухал зүйл байдаг. Гэхдээ хямралын үед төрийн албан хаагчид шашны байгууллага, шашинд итгэгчдэд хэрхэн хандах нь тэдний шашныг хэрхэн ойлгож хүлээн авч байгаагаас ихээхэн хамаардаг. Шашинд илүү хүндэтгэлтэй хандан, шашны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх тусам төрийн бодлого илүү оновчтой, хууль ёсны байж чадна” хэмээв.

                            

2020 оны Их-20 Шашны төлөөлөгчдийн чуулга уулзалт дээр ахлагч Бэднарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.

Их-20 Шашны төлөөлөгчдийн чуулга уулзалт нь шашин, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхий дахинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой учир ахлагч Бэднарын хэлсэн дээрх үг нэн чухал ач холбогдолтой. Энэхүү чуулга уулзалт таван өдөр үргэлжилсэн бөгөөд уулзалтаас гарах зөвлөмжийг 11-р сард зохион байгуулагдах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулна. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт бөгөөд дэлхийн тэргүүлэх эдийн засгийн удирдагчид оролцдог. Уг уулзалтыг энэ жил Саудын Арабын Вант улс ­даргалан зохион байгуулна.

Нийгэмд болон итгэгч хүмүүсийн хувийн амьдралд шашин ямар үүрэг гүйцэтгэдэг талаар төрийн албан хаагчид юу ойлгох шаардлагатай вэ? Шашны байгууллагууд олон тэрбум хүнд амьдралын зорилго, утга учраа олоход тусалдаг хэмээн ахлагч Бэднар хэлэв. Эдгээр байгууллага “ёс суртахуун, нийгмийн амьдралын талаарх үнэнийг дараа дараагийн үед” дамжуулж өгдөг. Энэ бол уг байгууллагуудын гүйцэтгэдэг амин чухал үүрэг хэмээн нэмж хэллээ.

Ийм учраас шашны эрх чөлөөг олон улсын хууль эрх зүйд хүний “салшгүй” эрх хэмээн тодорхойлсон байдаг (жишээ нь, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 18-р зүйл, АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комиссын энэхүү дүрмийг үзнэ үү) гэдгийг ахлагч Бэднар онцлов. “Салшгүй” гэдэг нь шашны эрх чөлөө нь халдашгүй эрх бөгөөд онцгой байдлын үед ч халдаж үл болно гэсэн үг юм.

Шашинд итгэгчдийг зохистой байдлаар ойлгон хүлээн авч, хүндэтгэлтэй хандсанаар нийгэмд харилцан итгэлцэл бэхжин, улмаар шашны байгууллагын эзэмшиж буй их хэмжээний нийгмийн капитал, бусад нөөцийг нийгмийн тусын тулд ашиглах боломж бий болно.

“Шашны байгууллагын олон удирдагч гишүүддээ хандан, бусдыг гүнээ хайрлан хүндэтгэж, аюулгүй байдалд нь санаа тавин, тэдний төлөө агуу их золиос хийхэд уриалаад байна. Тэрхүү золиосыг хүлээн зөвшөөрөн, хүндэтгэн үзэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар бид цаашид урагшилна” хэмээн ахлагч Бэднар хэлэв. Ахлагч Бэднарын оролцсон хуралдаанд католик, еврей, исламын шашинтнуудын төлөөлөл мөн оролцож, үг хэлсэн.

Шашны байгууллагуудын зүгээс цар тахлын үед тусламжийн олон үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээрээс ахлагч Бэднарын дурдаагүй зарим ажлыг энд жишээ болгон дурдах нь зүйтэй. Цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй Юта мужийн эрүүл мэндийн ажилчдад зориулан таван сая маск үйлдвэрлэх ажилд хожмын үеийн гэгээнтнүүд дэмжлэг үзүүлсэн. Ковид-19 цар тахлын үеэр нэн шаардлагатай хангамжийг дэлхий даяар түгээх ажлын санхүүжилтэд Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж, Дэлхийн Хүнсний Хөтөлбөртэй хамтран ажилласан. Финланд, Хонконг, Филиппинд болон бусад улс оронд Цар тахлын үеэр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ хөтөлбөрийг хожмын үеийн гэгээнтнүүд тухайн орон нутагтаа хэрэгжүүлсэн олон тохиолдлыг дурдаж болно.

G20_Elder-Bednar_Listening
Elder David A. Bednar listens to panelists speak during a plenary session at the G20 Interfaith Forum on Wednesday, October 14, 2020. The Apostle participated from a studio at the Church Office Building. The digital 2020 forum is hosted by the Kingdom of Saudi Arabia.2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                              

Түүнчлэн шашны байгууллагууд худал цуурхлыг няцаан, айдас түгшүүрийг бууруулж, үнэн зөв мэдээлэл түгээх замаар ташаа мэдээлэлтэй тэмцэх үйлсэд хувь нэмэр оруулж чадна хэмээн ахлагч Бэднар хэлэв.

Тэрээр “шашинд итгэгчдийн нэр төрд хүндэтгэлтэй хандах нь нийгэмд олон чухал эерэг үр дагавар авчирч чадна” хэмээн хэлэв. Гэхдээ “шашин шүтлэг нь аливаа шашны байгууллага, итгэгчдийн хувьд оршин буй амин чанарынх нь нэгэн чухал хэсэг байдаг. Үүнийг төрийн албан хаагчид ойлгон хүлээн зөвшөөрсөн цагт дээр дурдсан боломжийг ашиглаж үр шимийг нь хүртэх бололцоо бий болно” гээд цааш нь “төрийн албан хаагчид, шашны удирдагчид хамтран Ковид-19-ийн эсрэг бие махбодын болоод сүнслэг эрүүл мэндийг хамгаалж чадахуйц арга хэмжээ авч чадна хэмээн итгэж, залбирч байна” гэж үгээ төгсгөв.

Ахлагч Бэднар Их-20 Шашны төлөөлөгчдийн чуулга уулзалтад оролцсон Сүмийн дөрөв дэх удирдагч, гурав дахь Төлөөлөгч боллоо. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон, Шэрон Юбанк эгч (Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллагын) нар 2018 онд Аргентин улсад зохион байгуулагдсан уулзалтад үг хэлж байжээ. 2019 онд Япон улсад зохион байгуулагдсан уулзалтад ахлагч Гэррит В.Гонг, Юбанк эгчийн хамт оролцсон.

Энэ удаагийн чуулга уулзалтын хаалтын өдөр буюу 2020 оны 10-р сарын 17-ны бямба гаргийн өглөөний хуралдаанаар гамшгийн дараа шашны байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, түүний ач холбогдлын талаар хэлэлцсэн бөгөөд уг хуралдаанд Юбанк эгч оролцон, үг хэллээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.