Мэдээ мэдээлэл

Нээлттэй Хаалганы Өдөрлөг зохион байгууллаа

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Улаанбаатар Баруун Гадасны байрыг олон нийтэд зориулан танилцуулах Нээлттэй Хаалганы Өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан сүмд явагддаг үйл ажиллагаанууд болох боловсролын систем, англи хэл болон бие даах хөтөлбөр, сайн мэдээ ангиуд, болон сүмийн зохион байгуулалт, барилга байгууламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорьсон ба ойр орчмын 400 орчим оршин суугчид хүрэлцэн ирж, мэдээлэл авсан юм.

Оролцсон бүхий л хүмүүс сүмийн талаар үнэн зөв мэдээлэл авсандаа, мөн өөрсдийнх нь төсөөлөөгүй ч үгүй олон сайхан арга хэмжээнүүд тэр дундаа хувь хүний хөгжлийн төлөө, донтолтоос ангижрах зэрэг сургалтууд зохиогддогийг мэдсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан ба ихэнх нь хэн нэгний өгсөн мэдээллээр буруу ойлголттой явснаа нуулгүй хуваалцаж байлаа. Нэгэн оролцогч сэтгэгдлээ дараах байдлаар хуваалцсан юм: “Гэр маань хажууд байдаг болохоор энэ сүмийг байнга л хардаг мөн хажуугаар нь байнга өнгөрдөг ч өнөөдөр л анх удаа ирж үйл ажиллагаатай нь танилцлаа. Миний бодсоноос маш өөр, хүнийг хөгжүүлэх олон сонирхолтой хөтөлбөрүүд явагддагийг мэдсэндээ баяртай байна. Мянга харахаар нэг үз гэдэг үгний бодит биелэл боллоо” хэмээсэн юм.

Мөн Азийн Хойд Бүсийн Ерөнхийлөгч Мккюн ах, эхнэр Мккюн, Бүсийн хуульч Бэнсон, эхнэр Бэнсон, Бүсийн Олон Нийттэй Харилцах Албаны Захирал Мочизуки, Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгч Намгүр болон бусад албаны хүмүүс ирж нээлттэй хаалганы үйл ажиллагаатай танилцсанаас гадна Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн элсэлтийн албаны дарга Мо’о, Карьер төлөвлөлтийн хэлтсийн менежер Калама, мөн Pathway Worldwide-н менежер Матт зэрэг зочид өөрсдийн сургуулийн талаар мэдээлэл өгч хүмүүсийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

Ийнхүү сүмийн Олон Нийттэй Харилцах Алба болон Улаанбаатар Баруун Гадасны хамтран зохион байгуулсан Нээлттэй Хаалганы Өдөрлөг 2024 оны 6 дугаар сарын 15-нд амжилттай болж өнгөрсөн бөгөөд үүгээр дамжуулан олон хүмүүс Их Эзний сүмийн талаар зөв ойлголт авч, мөн сүмийн зүгээс зохион байгуулдаг олон арга хэмжээнүүдэд хамрагдсанаар өөрсдийн амьдралдаа эерэг өөрчлөлт авчирна гэж найдаж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.