Мэдээ мэдээлэл

Тайвань Номлолын анхны ерөнхийлөгч 86 насандаа өөд боллоо 

Ерөнхийлөгч Малан Робэрт Жаксон амьдралаа Бурханд үйлчлэхэд зориулсан билээ

Нийтлэх эрх: Малан Робэрт Жаксоны эмгэнэлийн мэдээ 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тайвань Номлолын анхны ерөнхийлөгч Малан Робэрт Жаксон 2021 оны 7-р сарын 8-нд 86 насандаа өвчний улмаас таалал төгслөө. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Тэрээр гэр бүлийнхэндээ хайртай нөхөр, эцэг, өвөө, элэнц өвөө нь байсан бөгөөд Сүмийн гишүүд болон найзууддаа насан туршийн үйлчлэлээрээ үргэлж санан дурсагдах агуу удирдагч, сурган хүмүүжүүлэгч нь байв. 

Тайлбар: Ерөнхийлөгч Жаксон Тайваньд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байх үедээ гэр бүлийнхэнтэйгээ (1970-1974 он).

Тайлбар: Ерөнхийлөгч Жаксон залуудаа Хонконгт номлолд үйлчилж байх үед.

Ерөнхийлөгч Жаксон Юта мужийн Ричфийлд хотод халамжит эцэг эхийн гэр бүлд төрж, Аврагчийн үлгэр жишээг дагахыг заалгаж өссөн. Тэр бусдын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дуртайяа тусалдаг нэгэн байв. Тэрээр 19 насандаа анх Японд номлолд үйлчлэхээр дуудагдсан юм. Номлол руугаа явахаар усан онгоцоор урт удаан аялж байхад нь Жозеф Фийлдинг Смит түүнийг бусад долоон номлогчийн хамт шинэхэн байгуулагдсан Хонконг дахь Өмнөд Алс Дорнод Номлолд хуваарилжээ. Тэд бол тэрхүү шинэ номлолд үйлчилсэн анхны номлогчид байлаа. Тэрээр сургаалыг хуваалцах дуртай нэгэн байсан ба номлолд байхдаа Мормоны Номыг хятад хэл рүү орчуулах үйл явцыг эхлүүлэхэд тусалсан юм. 

Тайлбар: (Хятад хэлээр)

Түүнийг Тайваньд докторын судалгааны ажлаа дуусгаад нэг жил өнгөрч байхад буюу 1971 онд 34 настай байхад нь ерөнхийлөгч Харолд Б.Лий шинээр зохион байгуулагдсан Тайвань Номлолын анхны ерөнхийлөгчөөр дууджээ. Түүний хэрэгжүүлсэн анхны бөгөөд хамгийн гайхалтай төсөл бол бүх идэвхгүй гишүүнийг хайж олоод, буцаан Сүм рүү чиглүүлэх ажил байлаа. Тэрээр Тайванийн Сүмийн удирдагч, гишүүдийн хайрыг татсан, нэр хүндтэй нэгэн байсан юм.

Ерөнхийлөгч Жаксоны заасан зүйлс болон үлгэр жишээгээр гэрчлэл нь хүчирхэгжсэн Тайванийн Сүмийн гишүүн Паул С.Лаи “‘Туршлага хуримтлуулж, итгэлээ хүчирхэгжүүлж, гэрчлэлээ өсгөхөд чинь тусалдаг тул Сүмийн ямар ч дуудлагыг хүлээж авч байгаарай’ гэсэн түүний агуу зөвлөгөөг би санаж явдаг” гэж хэлэв. 

Лаи цааш нь “Би түүний зөвлөгөөг дагасан. Манай гэр бүлийнхэн бүгд Сүмд идэвхтэй үйлчилдэг. 1973 онд бид Хавайд ирэхээсээ өмнө ариун сүмийн эрхийн бичгээ авахаар түүний оффист зочилж билээ. Түүний оффист цагны томоохон цуглуулга байсныг би санаж байна. Би үүний учрыг, бусдад үйлчлэх цаг завтай байх үүднээс ийн цуглуулж байсан болов уу гэж итгэх дуртай” гэлээ. 

Тайлбар: Жаксоныхон болон Лаигийнхан хамтдаа Калифорнид. Ерөнхийлөгч Жаксоны ард зогсож буй өндөр хүү бол Паул С.Лаигийн хоёр дахь хүү Малан бөгөөд Паул, түүний эхнэр хоёрт Хавай дахь Сүмийн Коллеж буюу БЯИС-д суралцахыг санал болгосон зэрэг түүний зөвлөгөө, туслалцааг дурсан санаж ерөнхийлөгч Жаксоны нэрээр нэрлэсэн юм.

Ерөнхийлөгч Жаксон бүтээн байгуулагч нэгэн байсан. Тэр Тайвань дахь анхны номлолын сууцыг барьж, Тайванийн анхны ариун сүмийн замыг тавьж, цуглааны байрууд болон гадасны төвүүдэд зориулан арал даяар өмч хөрөнгөтэй болгожээ. Тэрээр Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд хоёрыг хятад хэл рүү орчуулахад тусалсан. 

Тайлбар: 1971 онд ерөнхийлөгч Харолд Б.Лий (голд) эхнэртэйгээ (баруун гар талд) Тайвань Номлолд айлчлав. Тэдний хажууд ерөнхийлөгч Жаксон (зүүн гар талд) сууж байна.

Тэрээр залуу номлогчдыг эргэн тойрныхноо өргөн дэмждэг; хайр, энэрэл, сургаалыг

тунхаглаж, номлолоо үргэлжлүүлдэг ирээдүйн удирдагч болгон бэлтгэхэд туслах явдлыг өөрийн хамгийн ариун нандин үүрэг гэж үздэг байсан. 

Тэр амьдралынхаа туршид өөрийн хариуцдаг байсан олон номлогчтой ойр дотно харилцаатай байсаар ирсэн. Саяхан тэдгээр номлогчийн нэг нь ерөнхийлөгч Жаксоны тухай “тэр биднээс их зүйл хүсэн хүлээдэг байсан ч бүр илүү их хайраар биднийг хайрладаг байсан” хэмээн хуваалцжээ. 

Тэрээр Сүмийн янз бүрийн дуудлагат ажлаар дамжуулан амьдралаа бусдад үйлчлэхийн төлөө зориулсан. Түүний хамгийн дуртай дуудлагын нэг бол Номлогчийг Бэлтгэх Төвд таван жил үйлчилсэн явдал юм. НБТ-д ажиллах нь түүнийг номлогчидтой ажиллах, ирээдүйн залуу удирдагчдыг хөгжүүлэхэд гар бие оролцох ямар их дуртайг нь сануулж өгчээ.                                                                                                                                      

НБТ-д үйлчилсний дараахан тэр эхнэрийнхээ хамтаар Монголд номлогчоор дуудагдсан ба тэд монголчуудтай хамтран ажиллах дуртай байсан. Тэрээр 1998 оноос эхлээд дээд боловсролын хөтөлбөрүүдэд монголчуудтай хамтран ажиллаж эхэлсэн юм. Ерөнхийлөгч Жаксон буцаж ирсэн номлогчдыг Сүмд эргэн хамруулахын тулд тэдэнтэй холбоо тогтоох, харин Жаксон эгч Монголд гэр бүлийн түүхийн төвүүдийг байгуулах, ургийн бичгийн судалгааг хэрхэн явуулахыг гишүүдэд заах үүрэг даалгавар хүлээн авчээ.

Монгол гишүүн Дашдаваагийн Галсанжамц “Тэр маш сайхан сэтгэлтэй төдийгүй Монгол дахь Сүмд чухал нөлөөтэй хүн байсан!” хэмээн хүндэтгэлийн самбарт энгийнээр чин сэтгэлээсээ бичсэн байдаг. 

Ерөнхийлөгч Жаксон Хонконг, Тайвань, Монгол, Хятадын эх газар зэрэг газарт тоолж баршгүй олон найзтай. Түүнчлэн тэрээр амьдралынхаа турш олон хүндтэй шагнал авч байв. Тухайлбал: Монголын Өргөмжит консул, Монгол улсын ерөнхийлөгчийн олгодог Найрамдал медаль, Бригам Янгийн Их Сургуулийн хүндэт төгсөгч зэрэг шагнал юм. Мөн тэрээр Ютагийн Цэнхэр Загалмай-Цэнхэр Бамбай Зөвлөлийн тэргүүнээр үйлчилж байсан. 

Ерөнхийлөгч Жаксон эхнэр, найман хүүхэд, таван эгч дүүгээ орхин одлоо. Тэр 26 ач зээ, 21 ачинцар зээнцэртэй. 

Түүний оршуулгын үйл ажиллагааны бичлэгийг үзэх бол энд дарна уу. 

Эмгэнэл илэрхийлэн бэлэг илгээхийн оронд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тасралтгүй Боловсролын Санд хандив өргөхийг гэр бүлийнхэн нь дэмжиж байгаа болно. 

https://philanthropies.churchofjesuschrist.org/perpetual-education-fund   

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.