- WC-Mongul-1.jpg
- WC-Mongul-2.jpg
- WC-Mongul-3.jpg
- WC-Mongul-4.jpg
- WC-Mongul-5.jpg
- WC-Mongul-6.jpg
- WC-Mongul-7.jpg
- WC-Mongul-8.jpg
- WC-Mongul-9.jpg
- WC-Mongul-10.jpg
1 / 2 |
Эмэгтэйчүүдийн хуралдааныг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.
“Та нарт тоо хэмжээнээс гадна дэлхийг өөрчлөх сүнслэг хүч бий. Та нарын ийнхүү үйлдэхийг би энэхүү цар тахлын үеэр харсан. … Та нар үнэхээр Израилын найдвар гэдгээ ахин харууллаа!”
Сүмийн эмэгтэйчүүдэд зориулсан эдгээр болон бусад үгсийг Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 10-р сарын 3-ны бямба гарагт Ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн хуралдааны үеэр эмэгтэйчүүдэд болон 11 ба түүнээс дээш насны залуу эмэгтэйчүүдэд хандан хэллээ.Ерөнхийлөгч Нэлсон “Эгч нар аа, та нар гарцаагүй баатрууд байж чадсан! Би та нарын хүч, итгэлийг биширдэг. Хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн та нар зоригтойгоор урагш алхалж чадахаа харуулсан билээ” хэмээн нэмж хэлэв.
Ерөнхийлөгч Нэлсон бид хүнд хэцүү цаг үеийг туулан амьдарч байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийг материаллаг болон сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд илүү их бэлтгэлтэй байхыг эрэлхийлэн, ирээдүйгээ итгэлээр хүлээн авахад уриаллаа.
“Аюулгүй байх газрыг бий болгон, оюун ухаанаа Бурханд итгэлтэй байхад бэлдэж, ийн бэлдэхээ хэзээ ч зогсоохгүй байж чадвал Бурхан биднийг адисална” хэмээн гэрчлээд, ерөнхийлөгч Нэлсон “Тэрээр “бидний сэтгэл оюунд амар амгаланг өгч, мөн агуу итгэлийг бидэнд соёрхож, мөн биднийг түүгээр дамжин ирэх чөлөөлөлтдөө найдах болго[ж чадна]” (Aлмa 58:11) нэмж хэлэв.
Эв нэгдлийг бий болго
Шэрон Юбанк эгч ялгаварлалыг арилгаж, эв нэгдлийг бий болгох хүч эмэгтэйчүүдэд байгаа талаар ярьсан бөгөөд гэрээт эмэгтэйчүүдэд хандан, “дэлхийг сайнаар өөрчлөх хамтын хүчний нэг хэсэг байгаарай” хэмээн уриаллаа.
“Энэ Сүмийн эмэгтэйчүүд нийгмийг өөрчлөх хязгааргүй хүч чадалтай” хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх хэллээ. Гэвч тэрхүү өөрчлөлт нь “улс төрийн идэвхтэй байдлаас бус харин өдөр бүр нэг нэгнээ ойлгохын тулд идэвхтэй хичээснээс илүү их шалтгаалдаг” хэмээв.
Тэрээр юуны түрүүнд нэг нэгнээ шүүмжилж, “гомдоох зүйл хэлэх” биш харин нигүүлсэнгүй хандсанаар хоорондын ялгаатай зүйлсээс үл хамааран эв нэгдлийг бий болгож чадна хэмээн хэлэв. Үүний дараа эмэгтэйчүүд хүчин чармайлтаа бусадтайгаа нийцүүлэхийн төлөө ажиллаж, хүн нэг бүр бусдынхаа “хэмжээ, чадварт нийцүүлэн ажиллах” хэрэгтэй бөгөөд үүнд нэг ч хүн нөгөөгөөсөө илүү үнэ цэнтэй биш хэмээв. Эцэст нь Их Эзэний хүч чадалд тулгуурлан, өөрсдөдөө хүсэж буй нигүүлслийг бусад хүмүүст үзүүлэх хэрэгтэй.
Юбанк эгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс унш эсвэл үзнэ үү.
Зоригтой бай
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс эмэгтэйчүүдийг “цөхрөхгүй, зоригтой бай” хэмээн уриалсан бөгөөд “Их Эзэн Өөрийн эрдэнэт охидыг онцгой их хайрлаж, санаа тавьдаг. Тэр та нарын хүсэл, хэрэгцээ, айдсыг мэднэ. Их Эзэн бүхнээс хүчтэй. Түүнд итгэж найд” хэмээв.
Гай зовлонгийн дараа адислал, баяр баясгалан ирдэг хэмээх Их Эзэний амлалт Сургаал ба Гэрээнд олонтоо дурдагддаг. Сүмийн эхэн үеийн он жилүүдэд “хавчлага дарамт, хувийн эмгэнэлт үйл явдлын үеэр” гэгээнтнүүдэд өгсөн эдгээр амлалт “өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа та бүхэнд ч бас хамаатай” хэмээн ахлагч Өүкс хэлэв.
“Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалд агуулагддаг хэмжээлшгүй их хүчинд” “гуйвшгүй итгэлтэй” байх нь эмэгтэйчүүдийг удирдан чиглүүлж, баяр баяслыг өгөн, оюун санааг гэгээрүүлж, үйлдэх хүч чадал, итгэлийг өгдөг. Эмэгтэйчүүд энэ сургаалыг ойлгож, үүнд амьдралаа нийцүүлэн, наманчлахтай хослуулснаар “мөнхийн хувь тавилан руу маань хөтлөх—тэнгэрлэг хайрт эцэг эхтэйгээ дахин уулзаж, өргөмжлөгдөх замаар явахдаа зоригтой байж чадна” хэмээв.
Ерөнхийлөгч Өүксийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс унш эсвэл үзнэ үү.
Цагаатгалд итгэн, “шархаа” эдгээ
Дэлхий нийт энэ жил хэдэн сая хүнийг хамарсан цар тахал зэрэг олон гэнэтийн гамшигтай тулгарсан. Эдгээр гамшигт үйл явдлууд “хүмүүсийг арга мухардсан, итгэл найдваргүй, шархалсан зүрх сэтгэлтэй үлдээж, амьдрал нь буцаад өмнөх шигээ болох эсэхэд эргэлзэхэд хүргэлээ” хэмээн Кристина Б.Франко эгч хэллээ.
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх эмэгтэйчүүдэд хандан, “бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, наманчилж, гэрээнүүд байгуулан тэдгээрийг сахиснаар Түүнд ирвэл бидний шарх болон үүний үндэс нь юу ч байлаа гэсэн эдгэрэх боломжтой” хэмээн санууллаа.
Тэрээр ChurchofJesusChrist.org вэбсайт дээрх сургаалын эх сурвалжаас эш татан, “Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүнд бүрэн дүүрэн найдах—Түүний хязгааргүй хүчинд … болон хайранд итгэх гэсэн утгатай юм. Үүнд Түүний сургаалд итгэх итгэл ордог. Энэ нь Түүний ойлгодог бүх зүйлийг бид ойлгохгүй боловч итгэсээр байхыг хэлдэг” хэмээн хэлэв.
Франко эгч “Бид [Есүс Христэд] хандвал Тэр биднийг эдгээн, дахин бүтэн болгох болно” хэмээн үгийнхээ төгсгөлд гэрчилсэн.
Франко эгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс унш эсвэл үзнэ үү.
Өөрчлөгдөн сайжир
Эмэгтйэчүүд Есүс Христээр дамжуулан Түүнтэй илүү адил болохын тулд дадал зуршлаа өөрчилж, бодол санаагаа хувиргаж, зан чанараа сайжруулж чадна хэмээн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Бэки Крэйвэн эгч хэлэв.
“Есүс Христ бидэнд байнгын өөрчлөлтийн загварыг өгсөн. Тэр ‘зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчрах тэрхүү итгэл хийгээд наманчлал’ болох Түүнд итгэх итгэлийг хөгжүүлэхэд урьж, биднийг наманчлахад сүнслэгээр өдөөдөг (Хиламан 15:7)”. Бид наманчилж, зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлснээр ариун нандин гэрээнүүдийг хийж, үүнийхээ дагуу амьдрах илүү агуу хүсэлтэй болдог. “Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь эцсээ хүртэл өөрчлөгдсөөр байхыг хэлнэ” хэмээв.
Тэрээр “Бага боловч тогтмол, хичээнгүй өөрчлөлт нь биднийг сайжрахад туслах болно” хэмээн нэмж хэлэв. Түүнчлэн Цагаатгалын хүч, Ариун Сүнс, санваарын адислал, залбирал, мацаг, ариун сүмд орох болон гэр бүлийн маань итгэлтэй гишүүд, удирдагчид, найзуудын дэмжлэг бидэнд мөн тусална. “Таныг хайртай хүмүүсээрээ хүрээлүүлсэн байхад Аврагч танд эдгэрч, өөрчлөгдөхөд тусалж чадна” хэмээн хэллээ.
Крэйвэн эгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс унш эсвэл үзнэ үү.
Хоёр дахь ирэлтэд бэлд
Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Енохын хотынх шиг Сионы нийгмийг (Moсе 7:19-ийг үзнэ үү) бүтээх ажлын “төвд” эмэгтэйчүүд байх болно хэмээн Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хэллээ.
“Эгч нар аа, та, таны охид, таны ач, зээ мөн өсгөн хүмүүжүүлсэн эмэгтэйчүүд Аврагчийг гайхамшигтайгаар угтан авах хүмүүсийн нийгмийг бүтээх ажлын төвд нь байх болно. Та нар Израилын цугларалтын болон Шинэ Иерусалимд оршин суух Сионы иргэдийг бүрдүүлэх ажлын чухал хүчин нь байх болно.”
Эмэгтэйчүүд “өөрсдийн Бурханыг гэх хайраар болон үйлчилдэг хүмүүстээ үзүүлдэг Бурханы хайраараа зөрчилдөөнийг зөөлрүүлж, зөв шударга байдлыг дэлгэрүүлэх чадалтай” хэмээн ерөнхийлөгч Айринг хэлэв. Тэдний “бусдыг тэтгэж, Сионы нийгэмд хамт амьдрахад шаардагдах хайр, цэвэр ариун байдалд бусдыг өргөн авчрах сүнслэг чадавх” болон энэрэнгүй сэтгэл нь тэдэнд Сионы нийгэмд хамтдаа амьдрах эрхийг олгох болно гээд,
“Түүнд болон Түүний хязгааргүй Цагаатгалын үр дүнд итгэх итгэл тань танд болон таны хайрлаж үйлчилдэг тэдэнд тэрхүү эрт дээр үеэс хүсэн хүлээсэн, амлагдсан Сионы нийгэмд амьдрах эрхэм дээд бэлгийг хүртэх эрхийг олгох болно. Тэнд та нар Их Эзэнээр болон өөрсдийн адисалсан хүмүүсээр хайрлуулах Сионы эгч нар байх болно” хэмээн хэллээ.
Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс унш эсвэл үзнэ үү.