Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Нэлсон 10-р сарын Ерөнхий чуулган дээр Бурхан ялах болтугай, ирээдүйгээ хүлээн ав, “шинэ хэвийн байдал”-аар амьдар хэмээн хэллээ

“Бурхан нэг үндэстэн ястныг нөгөөгөөс илүүд үздэггүй” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлэв.

                       

Урагш тэмүүл, ирээдүйгээ итгэлээр хүлээн ав, хүнд хэцүү цаг үеийг сүнслэг байдлын хувьд хөгжин цэцэглэх боломж хэмээн хар, амьдралдаа Бурханыг ялуулах сонголт хий. Үүнээс гадна, бусад онцлох захиасыг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын 190 дэх Ерөнхий чуулганы үеэр хуваалцлаа.

Ерөнхийлөгч Нэлсон цахимаар цугларан, чуулганд оролцох боломжтой байгаадаа талархаж буйгаа мөн өнөөгийн КОВИД-19 цар тахал, байгалийн гамшиг, бусад зовлон зүдүүр туулж буй бүх хүнд сэтгэл зовнин, харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Тэрээр “Энэ бүх явцад бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ биднийг хайрладаг! Тэд бидний төлөө санаа тавьдаг. Тэд болон Тэдний ариун тэнгэр элч нар биднийг харж хамгаалж байгаа” хэмээн хэлсэн.

Дэлхийн өнөөгийн үймээн самуунаас үл хамааран бид Аврагч Есүс Христ рүү хандан, ирээдүйгээ баяр хөөртэйгөөр харж чадна хэмээн ерөнхийлөгч Нэлсон нэмж хэллээ.

             

“Өчигдрийн дурсамж дээр гацаж үлдэхгүй байцгаая. Израилын цугларалт урагшилсаар байна. Их Эзэн Есүс Христ Өөрийн Сүмийн үйл хэргийг удирдан чиглүүлдэг бөгөөд Сүм бурханлаг зорилгуудаа биелүүлэх болно.”

Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү?

Чуулганы ням гаргийн өглөөний хуралдааны үеэр ерөнхийлөгч Нэлсон Израилын цугларалтын талаар тайлбарлаж, Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгох сонголт хийхэд Израилын цугларалтын талаарх бидний ойлголт хэрхэн нөлөөлөх талаар заасан.

Тэрээр “Сүнслэг байдлын хувьд амьд гарах цорын ганц арга зам бол Бурханыг амьдралдаа ялуулж, Түүний дуу хоолойг сонсож суран, Израилыг цуглуулахад өөрсдийн эрч хүчийг зарцуулахад шийдвэр төгс байх явдал юм” хэмээн хэлсэн.

Энэхүү илтгэлийнхээ үеэр ерөнхийлөгч Нэлсон Бурхан бүх хүүхдэдээ хайртай гэдгийг давтан хэлэв. Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм арьс өнгөөр ялгаварлах үзлийг үл тэвчинэ гэдгийг онцлон тэмдэглэж, “Бурханы өмнө эзлэх байр суурийг тань арьсны өнгөөр тодорхойлдоггүй гэдгийг би баталж байна. Бурханы тааллыг олох, алдах нь таны арьсны өнгөөс биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг” хэмээн хэлэв.

Ерөнхийлөгч Нэлсон гэгээнтнүүдэд хандан, яг одоо өрнөж буй Бурханы хүүхдүүдийн цугларалтад өөрсдийгөө оролцож буйгаар харахыг хүсээд, дараах уриалгыг гаргалаа.

 “Таныг ирэх 6 сарын турш судраас суралцахдаа Их Эзэн гэрээт Израилын төлөө юу хийхээр амласныг жагсаан бичихэд уриалж байна. … Тэдгээр амлалтын талаар тунгаан бодоорой. Энэ тухай гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаарай. Харин дараа нь амьдралд тань энэ амлалтууд хэрхэн биелэхийг хараарай.”

    Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав

Эмэгтэйчүүдийн хуралдааны үеэр ерөнхийлөгч Нэлсон эмэгтэйчүүдэд болон 11 ба түүнээс дээш насны залуу эмэгтэйчүүдэд хандаж, үг хэлэхдээ хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн өдөр тутмын баатар болохын тулд хийсэн бүхэнд нь талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр “Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” (Сургаал ба Гэрээ 38:30) хэмээх Их Эзэний амлалтыг сануулаад, материаллаг болон сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд илүү бэлтгэлтэй байхын тулд шаардлагатай алхмуудыг хийхийг уриалсан.

Тэрээр дараах гурван зарчмыг анхаарч үзэхийг хүсэв. Үүнд:

  1. Аюулгүй байх газар бий болгох
  2. Оюун ухаанаа Бурханд итгэлтэй байхад бэлтгэх
  3. Бэлтгэлээ хэзээ ч зогсоохгүй байх

Ерөнхийлөгч Нэлсон “Бид зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн буулгыг үүрснээр жинхэнэ аюулаас ангид байж чадна. Бурхангүй амьдрал айдсаар дүүрэн байдаг бол Бурхантай амьдрал амар амгалангаар дүүрэн байдаг” хэмээн заасан.

“Шинэ хэвийн байдал”-аар амьдар

Ерөнхийлөгч Нэлсон Ням гаргийн үдээс хойших хурладааны төгсгөлд хэлсэн үгэндээ өнөөгийн ертөнцөд бид "шинэ хэвийн байдал" гэсэн хэллэгийг олонтоо сонсох болсон гэдгийг дурдсан. Гэхдээ тэрээр Есүс Христийн шавь нарыг "шинэ хэвийн байдал"-ыг хүлээн авахад уриалсан бөгөөд үүний тулд зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлж, өдөр бүр наманчилж, бусдад тохинуулан үйлчилж, үзэл бодол, алсын хараагаа мөнх амьдралд төвлөрүүлэн, өдөр бүр Бурхантай уулзахад бэлдэж амьдрахад уриаллаа.

Ерөнхийлөгч Нэлсон зургаан ариун сүм шинээр барих төлөвлөгөөг зарлаад, чуулганы хаалтын үеэр дараах амар амгалангийн адислалыг хэлэв.

“Ах, эгч нар аа, одоо би та нарыг Их Эзэн Есүс Христийн амар амгалангаар дүүрэн байхаар адисалж байна. Түүний амар амгаланг эгэл хүний оюун ухаан ойлгох нь үгүй. Би та нарыг Бурханы хуулиудыг дагах илүү их хүсэл болоод чадвараар адисалж байна.” Тэрээр цааш нь “Ингэснээр тодорхойгүй байдалд байсан ч гэсэн илүү их зориг, өсөн нэмэгдсэн хувийн илчлэлт, гэр орондоо илүү эв найртай байх, баяр баясгалан зэрэг адислалууд урсан ирэх болно гэдгийг би амлаж байна” хэмээв.

Тойм

2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Нэлсон хожмын үеийн гэгээнтнүүдэд хандан, “Бурхан нэг үндэстэн ястныг нөгөөгөөс илүүд үздэггүй” хэмээн бусад онцлох захиасын хамт хэлсэн.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.