“Найз” сэтгүүлийн 50 жилийн ой ирэх онд тохионо. Ойг тохиолдуулан тус сэтгүүл дэлхийн хэмжээнд гарч эхлэх болно.
“Найз” сэтгүүл 1971 онд анх нийтлэгдэж эхэлсэн цагаасаа англи хэлээр ярьдаг хүүхдүүд рүү түлхүү чиглэдэг байсан. Гэхдээ 2021 оны 1-р сараас эхлэн “Найз” сэтгүүлийг 48 өөр хэлээр орчуулж, 150 орчим оронд хэвлүүлэх болно. Энэ өөрчлөлт нь 3-11 насны хүүхдүүдэд болон тэдний гэр бүлд зориулсан, Сүмийн хүүхдийн сэтгүүлийг унших боломжийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд олгож байна.
“Найз” сэтгүүлийн олон сайхан хэсэг хэвээр үлдэх боловч дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдийн түүхээс илүү олон бодит түүхийг оруулснаар сэтгүүл хүрээгээ тэлж байгаа.
Сэтгүүлийг дэлхийн хэмжээнд хүргэх нь хаана амьдарч байгаагаасаа үл хамааран сэтгүүл дээрх хэн нэгэнтэй холбоотой гэдгээ мэдрэх боломжийг хүүхдүүдэд олгох болно гэж Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жонс хэлэв.
Мөн тэрээр “Сүм дэлхийн хэмжээнийх боловч бид өөр өөр гарал үүсэл, өөр өөр туршлагатай. Хүүхдүүд Есүс Христийн гайхамшигт сайн мэдээнд харьяалагддаг ба энэ нь тэдэнд хэрэгцээтэй гэдгийг мэдрэх нь тун чухал. Хүүхэд бүр тэднийг санадаг, үнэлдэг мөн тэдний өвөрмөц шинж чанарыг талархан хүлээн авдаг гэдгийг мэдэж авбал зохино. Мөн хүүхэд бүр “тэдний итгэлийг дэмжсэн ижил нөлөө”-г зүрх сэтгэл, гэр орондоо хүлээн авахаар адислагдах нь чухал” гэж тэр нэмж хэлжээ.
Энэхүү өөрчлөлтийг хийхээс өмнө, Америкийн Нэгдсэн Улсаас өөр улс оронд амьдардаг хүүхдүүд Сүмийн олон улсын сэтгүүл болох “Лиахона”-ийн хуулбарыг багтаасан эцэг эх, хүүхдүүдэд зориулсан 24 хуудас бүхий сэтгүүлийг хүлээн авдаг байсан. Харин одоо дэлхийн улс орнуудын хүүхдүүд гэртээ сайн мэдээнээс суралцахад туслах түүх, буддаг хуудас, үйл ажиллагаа бүхий бүрэн хэмжээний сэтгүүлээ тэсэн ядан хүлээн суух боломжтой боллоо.
Дэлхий даяарх залуу уншигчид
Өнгөрсөн хугацаанд зарим нэг хэлээр ярьдаг хүүхдүүд жилдээ нэг эсвэл хоёр удаа Сүмийн сэтгүүлийг хүлээн авдаг байсан. Одоо дэлхий даяарх ихэнх хүүхэд “Найз” сэтгүүлийг сар бүр, харин цөөн хэдэн уншигч хоёр сард нэг удаа хүлээн авна.
“Сэтгүүлийг тогтмол авах боломжгүй байсан дэлхий даяарх олон хүүхэд одоо тус сэтгүүлийг төрөлх хэл дээрээ унших боломжтой болж байна. Аврагчийг дагахаар хамтдаа суралцах явцдаа өөрсөдтэйгөө ижил итгэл, үнэт зүйл бүхий дэлхийн бусад орны хүүхдүүдийг харж, тэдний тухай уншина гэдэг ямар их адислал вэ” хэмээн ерөнхийлөгч Жонс хэлжээ.
“Найз” сэтгүүл нь саад бэрхшээлтэй дэлхийд амар амгаланг олох, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, бусад нөлөөлөлтэй харьцах зэрэг бэрхшээлийг давахад хүүхдүүдэд туслахаас гадна өөрсдөөсөө өөр хүүхдүүдийг хүлээн зөвшөөрч хүндэлдэг болоход тэдэнд туслах болно. Дугаар бүрд “Есүсийг хамтдаа дагая” гэх сэтгүүлийн шинэ уриаг доторх захиасуудаараа дамжуулан үлгэрлэн харуулах бөгөөд эдгээр захиас бидний хамгийн гайхалтай найз болох Есүс Христийг дагахад хүүхдүүдэд тусална.
Шинэ нэмэлт хэсгүүд
Сэтгүүлийг дэлхий даяар нийтлэхээр болсон нь “Найз” сэтгүүлд гарч буй цор ганц өөрчлөлт биш юм. Шинэ сэтгүүлийн дугаар бүрд гарах хөгжилтэй, шинэ нэмэлт хэсгүүдийг уншигчид хүсэн хүлээх боломжтой боллоо. Зарим жишээг доор толилуулж байна.
Дэлхий даяарх тусламжийн гар
Шинэ “Дэлхий даяарх тусламжийн гар” түүх нь хүүхдүүд дэлхийг өөрчлөх чадамжтай байдаг талаар өгүүлнэ. Түүх бүр өөрсдийн Христийн адил үйлдлээр дэлхийг эергээр өөрчилж буй хүүхдүүдийн бодит түүхийг онцолно. “Мөн “Найз” сэтгүүл дээрх “Дэлхий даяарх тусламжийн гар” уриалгыг хүүхэд бүр харна гэж бид найдаж байна. Тэд дугаар бүрээс Есүсийн адил бусдад тусалж байгаа дэлхийн өнцөг булан бүрд буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн талаар мэдэж авах болно. Бид хүүхдүүдийг хайраар дүүрэн зүрх сэтгэл, тусламжийн гараа ашиглан бусдад үйлчлэх Есүсийн үлгэр жишээг дагахад урьж байна. Хүүхдүүд дэлхийг өөрчлөхөд тусалж чадна!” гэж ерөнхийлөгч Жонс хэллээ.
Марго, Паоло хоёр
Марго, Паоло гэх хүүхэлдэйн шинэ дүрүүд Тусламжийн гарын түүхүүдтэй харилцан уялдаатай байх ба сэтгүүлийн дугаар бүрд тогтмол гарна. Энэхүү хоёр эрч хүчтэй бразил дүр нь өөр улс орнуудын талаар сонирхолтой баримтыг заах бөгөөд амьдралдаа эерэг өөрчлөлт гаргахад уншигчдыг уриалах болно.
Сүмийн түүхийн карт
Сэтгүүлийн дугаар бүрд Сүмийн түүхийг агуулсан хоёр карт байх бөгөөд хүүхдүүд тэдгээрийг хайчлаад, нугалж болно. Хайчилсан картыг харвал, нэг талд нь түүхэн хүний нэр, зураг, нөгөө талд нь тэр хүний талаарх товч баримт, хэлсэн эшлэл байна. Жилийн эцэс гэхэд уншигчид Сэргээлтийн нэр цуутай олон хүнийг мэддэг болсон байх болно.
Дэлхий даяарх төлөөлөгчид
Хүүхдүүд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүрийг өөр өөр орнуудаар явж, ариун сүмүүдийг адисалж, Сүмийн гишүүдтэй биечлэн болон цахимаар уулзаж, Христийн адил үйлчлэлийг үлгэрлэн үзүүлдгийг харах боломжтой байх болно. Мөн хүүхдүүд өөрсөдтэй нь ижил төстэй хүүхдүүд болон төлөөлөгчид хоорондоо ямар харилцаатайг сэтгүүлээс харах боломжтой.
Газар бүрийн анхдагчид
Сэтгүүлийн 10-13 насны хүүхдүүдэд зориулсан хэсэгт сайн мэдээг түгээж, улсдаа Сүмийг хүчирхэгжүүлэхэд тусалж байгаа хувь хүмүүсийн талаарх түүхүүдийг өгүүлэх болно. Хэрхэн жижиг бөгөөд энгийн арга замаар дамжуулан агуу зүйлс улиран тохиодгийг хүүхдүүд эдгээр бодит түүхээс харах боломжтой.
“Найз” сэтгүүлийг дагах
“Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдийг адислахын тулд мөн тэд бол Тэнгэрлэг Эцэгийн нандин охид, хөвгүүд төдийгүй тэднийг хайрлаж, харж ханддаг гэдгийг хүүхдүүдэд сануулахын тулд энэхүү сэтгүүлийг дэлхийн хэмжээнд гаргах боломжоор адисалсанд бид баярлаж, талархаж байна. Бүх хүүхэд Есүс Христийн сайн мэдээнээс суралцах, үүний зарчмуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах энэхүү гайхалтай хэрэгслийг ашиглах эрхтэй. Хүүхэд бүр “Найз” сэтгүүлийг хүлээн авахад тэдний эцэг эхийг, шаардлагатай бол тойрог, салбаруудыг туслахад уриалж байна” гэж ерөнхийлөгч Жонс хэллээ.
Энэхүү сэтгүүлийг дагахыг хүсвэл store.ChurchofJesusChrist.org
цахим хуудсанд зочилно уу.